Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

2023/05/15
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг байгуулахын өмнө түншлэлийн талуудын санал бодлыг нээлттэй сонсох “Нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээр” уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж нийт 80 гаруй хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, орон нутгийн ажил олгогч, эздийн байгууллагын төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, Сайн нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээрээс хүртэх өгөөж нь улс орны хувьд ажилгүйдэл, ядуурлын түвшин, хөдөлмөрийн маргаан буурах, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл сайжрах, бүтээмж өсөх, ажил олгогчид ур чадвартай ажиллах хүчээр хангагдах, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулж ашиг орлого нь нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг болохыг онцлоод “Тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх нийгмийн түншлэгч талуудын хүчийг нэгтгэсэн улсын хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Ажил олгогч нар зөвхөн ашиг орлогын төлөө биш нийгмийн хариуцлагатай, хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарах хандлага дэлхий дахинд бий болсон. Энэ хандлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гарган хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Хөдөлмөрийн тухай хуульд ололттой сайн зүйл олон байгаа ч эргэж харах шаардлагатай асуудал байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хөндсөн. Тэрээр хуульд заасан уртын ээлжээр ажиллах зохицуулалтыг эргэж харах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлэв.
 
Уулзалт хэлэлцүүлэгт МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Эрдэнэтөгс "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт-талуудын хамтын ажиллагаа" болон Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангийн хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаарх илтгэл мэдээллийг ХЭҮК-ийн гишүүн, доктор Д.Сүнжид нар тус тус танилцуулж, оролцогчид нөхцөл байдал, тулгамдсан болон анхаарах асуудлын талаарх саналуудаа уламжилж, тодорхой асуултуудад хариулт авлаа.
 
Мөн уулзалт хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Алимаа "Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, анхаараx асуудал" болон МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ажил олгогч эздийн байр суурь" сэдэвт мэдээллүүдийг тус тус тавьж, оролцогчдын асуултанд хариулж, санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтын төгсгөлд ХНХ-ийн сайд Х. Булгантуяа болон МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х. Ганбаатар нар оролцогчдоос асуусан асуултанд хариулт өгч, 2023-2024 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт оролцогчдоос гарсан саналыг тусган хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэн арга хэмжээ өндөрлөлөө.