Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
“ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН

“ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН

2019/07/22

“ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Монгол Улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагад (ОУХБ) гишүүнээр элссэний 50 жилийн ой (1968) болон ОУХБ үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг (1919) тэмдэглэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ), Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) болон ОУХБ хамтран “Ирээдүйн ажил, мэргэжил” Залуучуудын зөвлөгөөнийг 2018 оны 11 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо залуучуудын үзэл бодол, хүсэл эрмэлзлийг сонсох, ирээдүйн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрлөх эрхийн талаарх ойлголтыг нь дээшлүүлэх зорилгоор зохион байгуулав.
Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төлөөлөл болсон 100 залуучууд оролцсон бөгөөд тэдний ажил хөдөлмөр ирээдүйд яаж өөрчлөгдөх, үүнтэй уялдуулан өөрсдийгөө хэрхэн бэлдэж, зохистой хөдөлмөр эрхлэх тухай ярилцав.
100 жилийн ойн босгон дээр ОУХБ-аас бүх гишүүн улс оронтой хамтран “Хөдөлмөрийн ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг хийж байгаа. Улаанбаатар хотноо болсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр залуучууд байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, даяаршил, хүн ам зүйн өөрчлөлт, шилжих хөдөлгөөн хүний хөдөлмөр, ажил эрхлэлтэнд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлэв.
Чуулганы үеэр тэмдэглэлд ойн өдрүүдийг тохиолдуулан хүүхдүүдийн дунд эссэ бичлэгийн уралдаан, оюутан залуучуудын дунд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан, мөн насны хязгаар тавилгүйгээр фото зургийн уралдаануудыг зарласан бөгөөд шалгарсан эхний гурван байрын бүтээлд шагнал гардуулж, уралдаанд ирсэн гар зураг, фото зургаар үзэсгэлэн гаргасан байна.
Тус зөвлөгөөнд ХНХЯ-ны сайд С.Чинзориг, ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал хатагтай Клейр Куртье-Мюлдэр, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүндэт зочид оролцож зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлж баяр хүргэсэн бөгөөд “Ирээдүйн ажил, мэргэжил” уралдааны шагналт байрын эздийн шагналыг гардууллаа.