Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Өдрийн сонинд ярилцлага өглөө

МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Өдрийн сонинд ярилцлага өглөө

2020/03/27

МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Наад зах нь зургаан сар хэрэглэх нөөцийг Хувийн хэвшлийнхэн бүрдүүлчихсэн байна

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улс өвчин тахлын онцгой нөхцөлтэй нүүр тулж байна. Эрүүл, аюулгүй байдалдаа сайн анхаарч байна. Эдийн засгийн эрсдэлээ одоо л ярьж эхэлж байх шиг. Ийм цаг үед МАОЭНХ-ны байр суурь чухал байна л даа?

-Коронавирусийн асуудал нь бизнес эрхэлж буй хүмүүс, бидний хувьд маш хүнд нөхцөл байдлыг бий болголоо. Үүссэн цагаас нь эхлээд төрөөс авч байгаа үйл ажиллагааг анхааралдаа ажиглаж, бүх талаар дэмжих байр суурь баримталж ирлээ. Нэн ялангуяа урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажлуудыг хувийн хэвшлийнхэн бүрэн дэмжиж ажиллаж байна. Сүүлийн үед МАОЭНХ-ны гишүүдийн зүгээс эдийн засгаа тогтвортой байлгах, улмаар сэргээх, үйлдвэр үйлчилгээг хэвийн явуулж ажлын байрыг хадгалах чиглэлд анхаарлаа хандуулахыг хүссэн олон санал ирэх боллоо. Улсын татварыг бүрдүүлж, ажлын байраар хангаж, хүн амыг орлоготой байлгах асуудлыг анхаарахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч байна. Үүнийг цөөн тоогоор хэлье. Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, татварын байгууллагад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 80 хувь нь үйл ажиллагаагаа царцаачихсан байгаа. Гэхдээ энэ бол дампуурсан хэрэг биш.

Дампуурлаа, сүйрлээ гэсэн үг хэллэг бол зохимжтой нэр томьёо биш юм. Ихэнх үйлдвэр, үйлчилгээнийхэн үйл ажиллагаагаа түр зогсоосон гэсэн үг. Нөгөө талаас аж ахуй нэгжүүдийн ихэнх нь албан ёсоор нэг ч ажилтнаа халаагүй байгаа. Үйл ажиллагаа эхлүүлнэ, сэргээнэ гэсэн итгэл найдвартайгаар сул зогсолт хийж байгааг ажилчид нь ч ойлгож байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/, НДШ-ийн төлөлтийг ААНБ-үүд бүрэн төлсөн. Хоёрдугаар сард гэхэд татвар төлөгчдийн тоо 30 орчим хувиар  цөөрсөн байгаа. Одоо гуравдугаар сард аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь ААНОАТ, НДШ-ээ төлж чадахгүйд хүрээд байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, орлого олоогүй цалин төлөөгүй ААНБ-ууд ямар ч татвар төлөх билээ. Нөхцөл байдал ийм бодит хүндрэл рүүгээ явж байна. Манай байгууллага ирэх дөрөвдүгээр сарын 10-ны үеэр НДЕГ, ТЕГ-тай уулзаж нөхцөл байдлыг дүгнэж ярилцахаар тохиролцоод байна.

-Нөхцөл байдал гарцаагүй хүндэрч байгааг баримтаар та хэлчихлээ. Одоо тэгээд яах ёстой вэ?

-Одоо эдийн засгаа хамгаалах, сэргээх, аж ахуйн нэгжээ дэмжих, хүмүүсээ ажилтай байлгах, иргэдээ орлоготой байлгах бодлого дээрээ цаг алдмааргүй байна. Бид Засгийн газарт саналаа хүргүүлж байгаа. Засгийн газартай хамтарч асуудлыг шийдье, хамтарч даван туулъя, ард нь гаръя гэсэн байр суурьтай байна. Төр засгаас олон арга хэмжээ авч байгаа ч тэр дотор оносон, оноогүй аль аль нь байна. Тийм болохоор аж ахуйн нэгж, эздийнхээ санал бодлыг төр засагт уламжлан төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллая гэж байгаа юм. Зөвхөн Төр засгаа шүүмжилж шаардаж суугаад бид юу ч хожихгүй юм.

-Таны харж байгаагаар өнөөдрийн төр засагт хүндрэлийн үеийн эдийн засгийг даван туулах бодитой судалгаа тооцоо хэр байна?

-Шулуухан хэлэхэд төр засагт ч, ТББ-уудад ч бодит мэдээлэл судалгаа алга. Ганц нэг байгууллагын хийсэн судалгаанаас өөр. Жишээ нь, Улаанбаатарын аль дүүрэгт хэдэн ЖДҮ-ийн үйл ажиллагаа зогссон, хэдэн үйлчилгээний байгууллага царцав, эдгээр аж ахуйн нэгжүүдийн хэдэн хүн ажилгүй байна гэсэн судалгаагүй л сууж байна. Ийм судалгааг төр засагтаа хамтран маш хурдан гаргаж, түүндээ суурилан үйлдвэрлэл үйл ажиллагаагаа сэргээх ажилдаа ормоор байна. Энэ бол төр, засаг бидний хамтын үүрэг. Тийм болохоор АОЭНХ-оос энэ талын саналаа боловсруулаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн.

-Тодорхой ямар сана­луудыг Засгийн газарт тавьсан бэ?

-Үүссэн нөхцөл байдлыг бодитой, тодорхой үнэлэх хамтарсан Ажлын хэсгийг Засгийн газар-Хувийн хэвшлийн оролцоотой байгуулъя. Ажлын хэсэгт бүх төлөөллийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод, Ажил Олгогч Эздийн байгууллага, Үйлдвэрчний байгууллага нь орж ажиллая гэсэн байгаа. Ер нь бол бодит үнэлгээ, тооцоог маш хурдтай хийх боломж нь төрд илүү байгаа юм. Татварын мэдээлэл нь төрд байна. НДШ төлж буй мэдээлэл бүгд байна. Бүх шатанд төрийн бүтэц ажиллаж байгаа учраас аймаг, дүүрэг, сум, баг, хороо, хэсэг дээр хүртэл судалгааг гаргах боломж байгаа. Үүн дээрээ үндэслээд хүндрэлийн  үед орлого олох бололцоотой үйлдвэрлэлийн салбаруудаа гаргаад дэмжье л гэж байгаа. Жишээ нь, манай байгууллагын судалгаагаар одоо ажиллаж байгаа нийтийн хоолны том ресторануудын орлого 50 хувиар буурчихсан байна. Тэгэхээр үйлчилгээний аль хэсгээ сэргээх ёстой юм. Эсвэл үйлдвэрлэлээ эхлээд сэргээх юм уу гээд дарааллаа яаралтай гаргах нь зүйтэй. Үйлдвэрлэлийг нь дэмжлээ гэхэд бүтээгдэхүүн нь борлогдох уу. Хэн худалдаж авах юм бэ. Дотооддоо хэдийг нь худалдах юм, гадагшаа хэдийг нь зарах юм гээд наад захын ийм тооцоонуудаа хийхгүй бол цаг алдаад байна. Бид сэтгэлийн хөөрлөөр бүх ЖДҮйлдвэрүүдийг дэмжье, сэргээе гэж болохгүй. Энэ бүгд сая ярьсан бодитой мэдээлэл судалгаан дээр үндэслэнэ. Судалгаагаа ард түмэн, улс төрчдөд ил мэдээллэж, нээлттэй байлгах нь чухал. Өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр талхны бүх үйлдвэрийг том жижиггүй сэргээчихвэл бүгд борлогдох баталгаагүй болно. Тийм учраас энэ бүгдийг эрэмбэ дараатай, ач холбогдлын зөв зохицуулалттай хийж хэрэгжүүлэх ёстой юм. Үүнд төр засгийн оролцоо хамгийн чухал.

-Одоо бол хаврын ид ажлын үе. Гэтэл бүх зүйл царцах хандлагатай, хорио цээртэй байдаг?

-Одоо л Монголын эдийн засаг сэргэдэг, эдийн засгийн цусны эргэлт сайжирдаг цаг үе. Барилга, зам, уул уурхай, газар тариалан, ноос ноолуурын бэлтгэлийн ажил гээд бүх л ажил ундарч эхэлнэ. Дээр нь бид экспортдоо онцгой анхаарах ёстой. Валют авчрах, Монголд орлого оруулах салбаруудыг тэргүүн ээлжинд дэмжье. Нүүрс, цайр, зэс, төмрийн хүдэр, газрын тос гэх мэт. Жишээ нь, нүүрс аль болох их хэмжээгээр экспортлохыг дэмжих, мөн халуун аргаар боловсруулчихсан мах экспортлох зөвшөөрлөө хүлээгээд хадгалаастай байгааг шийдэх хэрэгтэй санагдана. Энэ бүгдийг нэн яаралтай экспортод гаргах арга хэмжээг цаг алдалгүй авмаар байна.  Ер нь экспортын бүх үйлдвэрлэлийг дэмжих, тэр дундаа ЖДҮ-ийг дэмжих, улсын төсөвт шууд татвар төлж болох, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад чиглэсэн салбаруудыг дэмжих нь Монголын эдийн засагт ашигтай. Мөн ажлын байрыг ихээр бий болгож ард иргэдийн амьжиргааг дэмждэг ХАА, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбарыг нэг номерт анхаарч дэмжих нь зүйтэй. Барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр зогсчихсон байна. Жишээ нь, Дархан-Улаанбаатарын замыг барихгүй бол болохгүй. Энэ зам там болоод байна. Тус замыг барихыг тодорхой бүлэг хүчин шүүмжилж байсан ч барьж дуусгах ёстой.  Монгол Улсын нэр хүнд гэж бий. Энэ зам Монголын эдийн засагт асар их ач холбогдолтой. Энэ мэтчилэнгээр эрэмбэ дараагаа гаргаад энэ ажлыг зоригтой, шуурхай шийдье гэж манай холбоо үзэж байгаа. Нэн ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй  барилга, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг дэмжихгүй бол болохгүй. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл хөтөлбөрүүдэд саад тотгор учрах вий гэж санаа зовж байна. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтад ажиллах шаардлагатай ажиллах хүчний тооцоо аль хэдийнэ хийгдсэн. Энэ дээр ажиллах хүсэлтэй монгол хүн олдохгүй байна. Энэ бол аж ахуйн нэгж болгонд тохиолдож буй бэрхшээл. Гэтэл хувийн хэвшлийн төслүүдэд шаардлагатай гаднаас ажиллах хүч авах хүсэлтүүд шийдэгдэлгүй Засгийн газар дээр дарагдсаар байна. Хувийн хэвшлийн хийж байгаа ажил сонгууль, улс төр, улс төрийн хүчин, зарим ТББ иргэдийн санал хүсэлтээс ангид зүйл байх ёстой гэж бодож байна. Сонгууль болдгоороо болж, ард түмний амьдрал үргэлжилсээр л, коронавирусийн асуудлыг ч бүрэн шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Ийм нөхцөлд эдийн засгаа сэргээх, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэл үйлчилгээг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулах цаг болжээ. 

-Сонгуулийн үнэр орчихсон энэ цаг үед та бүхний ярьж буй зүйлсийг нурааж, сөргөөр нөлөөлөх юм байгаа. Үүнийг давхар тооцож байна уу?

-Бизнесийнхэн улстөржил­төөс эдийн засгаа тойруулаад аваад гарчих юмсан гэдэгт их санаа зовж байна. Цалинг  хэдэн сая болгоно гэдэг хоёр сарын дараа л үр дүн нь гараад бид нарт харагдана. Ард түмэн сонголтоо зөв хийгээсэй гэж хүсч байна. Монголын ард түмэн ухаантай. Сонгууль өгч сурсан. Үүнээс илүү коронавирусийн аюул бид нарт ноцтой байна. Ажил олгогч хүн улстөрждөггүй юм. МАОЭНХ, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл улстөржөөд нэг намыг дагаж явсан түүх байхгүй. Бид улстөржиж төр засгийг шүүмжилдэггүй, шаардлага тавьж мэдэгдэл гаргадаггүй. Манай холбооны дүрмээр ч бид төр засагт шаардлага тавих эрхгүй, мэдэгдэл гаргах эрхгүй. Харин бид гишүүдийнхээ байр суурийг төр засагт илэрхийлж, төр засагт уламжлах, шийдэх тал дээр нь хамтарч ажиллаж нөлөөлөх гишүүдийн эрх ашигт нийцсэн үүрэгтэй.

-Та бүхэн төр засагтаа хандаж хийх ажлаа уламжилсан юм байна. Миний харж байгаагаар ийм хүнд үед баялаг бүтээгчид маань Монгол Улсыг хангах нөөцийг бий болгочихжээ. Нөөцөө хэрэглээд нэг талаас бухимдуулахгүй, айдасгүй байлгаж чадна гэдэгт итгэлтэй байна уу. Ер нь Монголд хэр нөөц байна вэ?

-Хувийн хэвшил чинь өөрийн хөрөнгөөрөө бий болсон ажлын байр, бэлдсэн мэргэжилтэй ажилчин, түүхий эддээ тулгуурлаад үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулахад ард түмнийхээ эрэлт хэрэгцээг гол нэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах бололцоотой гэдгийг нотлон хэлж чадах байна. Төр засгийн хүсэлтийн дагуу үнийн түвшинг өнөөгийн байдлаар тогтвортой хадгалж байна. Гагцхүү өөрийн монополь үйлчилгээнийхээ үнийг тогтвортой байлгаж чадвал тухайлбал цахилгаан, дулаан, төмөр зам, агаарын тээвэр гэх мэт бид хэвийн нөхцөл байдлыг хангаж чадна.

Хоёрдугаарт, Хувийн хэвшил мах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон гурил, будаа, элсэн чихрээр Монгол Улсыг зургаан сар хэвийн хангах нөөц бий болгочихсон байгаа. Үүнийг хувийн хэвшлийнхэн эрсдэл үүрч, өр тавих нь өрөө тавиад, банкнаас зээл авах нь зээлээ аваад, тээврийнхээ мөнгө, татвар, нэмүү өртгийн албан татвараа төлөөд бий болгочихсон байгаа.

Гуравдугаарт, Хувийн хэвшлийн хичээл зүтгэлийн үр дүнд манай улс бусад орнууд шиг нэг өдрийн дотор нойлын цаас, гурилгүй болж лангуугаа хоосруулаагүй байгаа. Энэ нь манай оронд бий болсон хангамжийн систем, бөөний худалдаа, томоохон дэлгүүрүүдийн систем, тогтолцоо Монголд тохирсон маш оновчтой системийг бий болгосонтой холбоотой.

Одоо бидэнд санаа зовж байгаа нэг л аюул бий. Иргэд ажил хийж мөнгөтэй, орлоготой болохгүй бол худалдаж авах чадвартай масс алга болж борлуулалт буурах асар их эрсдэл байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэлийг сэргээн хэвийн ажиллуулж, ажлын байрыг хадгалж, ард түмнийг орлоготой байлгах нь зүйтэй. Хүмүүсийг орлоготой байлгах арга замуудыг төр хувийн хэвшилд хамтран бий болгох хэрэгтэй байна шүү дээ.

-Энэ хүнд үед эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах талаар төсөв, татвар, санхүүгийн бодлогоо эргэж харж, Их хурлаараа оруулаач ээ, НДШ-ээс эхлээд төрд олон боломжтой “Сан”-гууд байна. Тэр сангуудаа хуулийн хүрээнд, зөв зохистойгоор нийгмийн хүндэрч байгаа хэсэг рүүгээ оруулж чиглүүлж, ашиглаач ээ гэж танай саналд байна лээ?

-Засгийн газар, УИХ-д шийдүүлэх саналуудыг ялгаж оруулсан. Сангуудын үйл ажиллагааг УИХ хэлэлцэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй. УИХ яаралтай хуралдаж нэмэлт, өөрчлөлт хийж чадвал үүгээр ард түмнийхээ амьжиргааны орлогыг нэг удаа хамгаалж, дэмжих бололцоо бий. Үүний тулд НДШ төлж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан сүүлийн гурван сар орлогогүй болоод компани нь зогсчихсон бол Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох санал оруулсан. “Ажилгүйдлийн даатгалын сан” гэж нэлээн үлдэгдэлтэй сан бий. Үүнийг бид мэдэж байгаа. Энэ сангийн хуримтлагдсан үлдэгдэл аль банкинд хадгалагдаж байгааг ч бид мэднэ. Энэ сангаас НДШ төлж байгаа хүмүүстээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох асуудлыг шийдүүлэх санал оруулсан.

Гэтэл нийгмийн даатгалд хамрагдаагүй нэг хэсэг бий. Тэр хэсгийн амьжиргааны орлогыг дэмжих саналыг оруулсан. Ч.Хүрэлбаатар сайдын хэлж байгаагаар “Ирээдүй өв сан”-д хэдэн зуун тэрбум төгрөгийг хуримтлуулж түүхэнд гавъяа байгууллаа гэсэн. Энэ бол татвар төлөгчдийн хөрөнгөнөөс  л бий болгосон сан гэж бодож байна. Тэр санг ирээдүйд хадгалаад хэрэггүй. Дахиад ийм хүнд байдалтай мөддөө тохиолдох ч үгүй байх. Орлого нь үгүй болчихсон, ажил хөдөлмөр эрхэлж, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдахгүй байгаа ард түмнийхээ хэсгийг орлоготой болгох нь төрийн үүрэг. Тэгэхээр тэр өрх, айлуудын амьжиргааг дэмжихийн тулд “Ирээдүй өв сан”-гаас нэг удаадаа хууль гаргаад энэ өрхүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг гурван сар өгье л дөө. Ийм үед төрөөс үзүүлсэн дэмжлэгээр архи аваад уучихгүй байлгүй дээ. Энэ мөнгөөр гурил авна, хүнс авна. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөөр эдийн засгийн эргэлтийг л дэмжинэ гэсэн үг.

Нөгөө талаас эдийн засгаа сэргээхийн тулд нэгдүгээрт үйлдвэрлэл, үйлчилгээгээ сэргээе. Хоёрдугаарт, ажлын байрыг нь хадгалж ард иргэдийг цалинтай орлоготой болгоё, гуравдугаарт, боломжтой  хэмжээгээр экспортоо нэмэгдүүлье гэж манай холбооны гишүүд үзэж байна.

-БНХАУ бол бүх талаараа манай гол түнш. Сая Ерөн­хийлөгч очиж дипломат харилцааны том алхам хийсэн гэж судлаачид үзэж байгаа. Үүнийг бас л цаг алдалгүй ашигламаар, ажил хэрэг болгомоор харагдах юм?

-Монголчууд бид газар зүйн байрлалын хувьд дэлхийн маш хүчтэй эдийн засагтай гүрнүүдийн дунд байдаг. Хятадын эдийн засаг монголчууд бидний хувьд чухал. Дэлхий дээр Хятадын эдийн засаг гол нь болчихсон байна шүү дээ. Коронавирусийн үеэр дэлхий маскаа хийж чадахгүй болсон. Маскны материалын 80 хувийг БНХАУ үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэл нь Уханьд байсан. Хамгийн том хэрэглэгч бас экспортлогч. Энэ том түншийн хажууд байгаа давуу талаа ашиглаж байж эдийн засгийн хямралаас гарна гэдэг байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалаар хятадуудын монголчуудад хандах хандлага эрс өөр болсон. Хятадын компаниудаас Монголд хөрөнгө оруулъя, Монголд очиж үзье. Ер нь Монгол гэдэг бидэнтэй ойрхон орших хүн чанартай түнш байна гэдэг ийм нааштай хандлагатай болсон. Энийг бид эдийн засгийн өсөлтөд ашиглах ёстой. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд экспортоо нэмэгдүүлэх, хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээхэд хоёр орноос хамтарч ажиллах бүх боломж нөхцөлийг эрчимжүүлэхгүй бол болохгүй.

-Энэ асуудлыг бодит ажил болгохоор холбогдох газрууд хэр ажиллаж байх шиг байна...

-Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх, үр дүнг сайжруулах зорилгоор Засгийн газарт санал тавьсан. Нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр Хятад Монголын Засгийн газар хоорондын комиссыг хуралдуулъя. Энэ комиссоор Монгол Хятад хоорондын худалдаа эдийн засгийг хөнгөвчлөх, нэмэгдүүлэх, түргэвчлэх, ажлын хэсгүүдийг байгуулъя гэдэг саналаа тавьчихсан байгаа. Одоо Монгол талаас зоригтой, тодорхой санал тавьбал БНХАУ хүлээж авахад бэлэн байгаа гэж бодож байна.

-Долларын ханш өсөлттэй байна. Та болохоор Монгол Улс гадны нэг валютаас хараат байж болохгүй гэдэг байр суурьтай байдаг юм билээ?

-Валютын ханш, төгрөгийн тогтвортой байдлын талаар бизнес эрхлэгчдийн байр суурь тодорхой. Монгол төгрөгийн худалдан авах чадвар, валютын ханш тогтвортой байх явдал бизнест ч хэрэгтэй, монгол хүн, Монгол Улсад хэрэгтэй гэж хардаг. Бидэнд эдийн засгийн хямрал үүсээд буй өнөө үед нэг валютаас хараат байх, ганцхан валютаар бүх эдийн засгийн үзүүлэлтээ хэмжих нь хүндрэлтэй байна. Тиймээс бид доллараас гадна хөрш орнуудтай хийх худалдааг тухайн орны мөнгөн тэмдэгтээр нь хийе гэж яриад байгаа. БНХАУ-тай хийх худалдааг юаниар нь л хийнэ. ОХУ-тай хийж байгаа худалдаагаа рублиэр нь хийе. Тэгвэл бидэнд ашигтай шүү дээ. БНХАУ-тай хийсэн юанийн своп хэлэлцээр 15 тэрбум юань. Манай улс авчихсан. Монголбанк тэрний 10-аад тэрбум юанийг буцаагаад төлчихсөн гэж бид ойлгож байгаа шүү. Бид юанийн свопын ханшийг төлөхдөө доллараар төлдөг. Гэтэл юань, доллар хоёрын ханш  тогтворгүй, төгрөг, доллар хоёрын ханш тогтворгүй. Ингээд дөрвөн хувийн хүүтэй авсан юанийг свопын хэлэлцээрийг ам.доллараар төлөхөөр хүү нь 7-8 хувь болчихдог. Эндээс монголчууд бид хохирол хүлээгээд байдаг юм. Юаниар своп авсан бол юаниар нь төлчих. Тэрийг доллар болгож төлж яадаг юм. Хөрш орнуудтай хийдэг худалдаагаа юанийн, рублийн ханш руу оруулъя, хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулъя, свопын хамтарсан сан байгуулъя. Энийг судалж үзээд шийдээч ээ гэдэг асуудлыг тавьсан байгаа.

-МАОЭНХ банк, санхүү, мөнгөний бодлогын асуудлаар ямаршуухан бодлогыг төрөөс хүсч байгаа вэ?

-Мөнгөний бодлого, банк санхүүгийн үйл ажиллагаа бизнест хамгийн их нөлөөлдөг үйлчилгээ. Мөнгөний бодлого бол бизнесийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах гол түлхүүр, хурдасгагч нь байдаг юм. Гэтэл нэг талд нь Засгийн газар төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого нэмэгдүүлж байгаа. Улс орон, эдийн засгаа хөгжүүлнэ гээд Засгийн газар төсөв санхүүгийн бодлого оруулаад ирэхээр нөгөө талд нь тэрийг нь хязгаарласан мөнгөний бодлого гаргаад байх юм. Энэ хоёр уялдахгүй болохоор Монгол Улсын хөгжил гацчихаад байгаа юм. Мөнгөний бодлогыг УИХ хариуцах ёстой. Монголбанк нь УИХ-ын дэргэдэх байгууллага. Засгийн газар, Монголбанк хоёрын ажиллагааг уялдуулах үүрэг УИХ-д байгаа юм. Тиймээс бид энэ асуудлыг УИХ авч үзээсэй гээд санал оруулсан байгаа. Тэр битгий хэл бид нар УИХ-д тавьсан санал дээрээ мөнгөний зөөлөн бодлого явуулах, мөнгөний бодлогоор улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчийн сонс­голыг Их хурал авч хэлэлцээч гэсэн санал тавьсан. Коронавирустэй холбогдуулан Америкийн төв банк бодлогынхоо хүүг 0.25 болгож байна. Англи, Японы төв банкууд бодлогын хүүнүүдээ асар их буурууллаа. Ийм мөнгөний бодлогоор коронавирусээс үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг давах эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлого дэмжиж байгаа арга хэмжээнүүд юм. Гэтэл манай улс мөнгөний бодлогын хүүгээ ганцхан хувиар буулгасан. Тэгэхээр мөнгөний зөөлөн бодлогыг маш яаралтай Их хурал авч үзэхгүй бол болохгүй нь. Нөгөө талаас мөнгөний бодлого дээр монгол төгрөгийн худалдан авах чадвар, тогтвортой байдлыг яс бариач ээ гэдэг саналыг тавьж байгаа. Үүнийг л Монголбанк хийх ёстой.  Хоёрдугаарт, Монгол төгрөгийн валютын ханштай харьцаж байгаа харьцааг маш тогтвортой барих ёстой. Ингэж байж монгол хүний амьжиргаа, Монголын эдийн засгийн өсөлтийг мөнгөний бодлогоор зохицуулна. Гэтэл яагаад Монголбанк ийм бодлогыг гаргахгүй байгаа юм бэ. Эдийн засгийн хүндрэлтэй үед тогтвортой ханш барьж болно шүү. Ийм байдлаар төрийн мөнгөний бодлогыг зоригтой явуулж, эдийн засгийн өсөлтөө дэмжиж, хангахад чиглэсэн уялдаатай бодлогыг явуулаач ээ гэж бид хэлээд байгаа юм.

-Монголын нийгэмд Хятадын эдийн засаг хүндэрч байна. Оросын эдийн засаг хүндэрч байна гэсэн мессэж их явах юм. Та энийг яаж харж байгаа вэ?

-Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засаг 30 хувь буурлаа. Хятадын үйлдвэрлэл буурах нь, нүүрсний экспорт буурах нь гээд л бичээд байх юм. Тэр Хятадын эдийн засаг өсч байна уу, буурч байна уу гэдэгт битгий их ач холбогдол өгч яриад байх шаардлага байхгүй. Хятадад Монголын нийлүүлэх бүтээгдэхүүн асар бага хэмжээтэй. Тэгэхээр бид Хятадын эдийн засаг буурч байна уу, өсч байна уу гэж АНУ шиг ярих хэрэггүй. Хятад манайхаас нийлүүлж болох бүтээгдэхүүнээ аль болох ахиухан өгөх арга замыг хайх нь монголчууд бидний хувьд ашигтай байна. 

-Манай улсын ажлын байрны цөм талбар болсон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжих үүрэг хүлээсэн ЖДҮХС гэж шившиг болсон газар байх юм даа. Энэ сан үнэхээр бодит дэмжлэг үзүүлж чадаж байна уу?

-ЖДҮ, худалдаа үйлчилгээ хөгжүүлэх асуудал чинь зах зээл гарснаас хойш үүссэн юм. 1990 онд анх ЖДҮХС-г би Хөдөлмөрийн яамны дэд сайд байхдаа үүсгэж байсан юм. ЖДҮХС-гийн эх үүсвэрийг Монголын төсөв гаргаж өгч чаддаггүй байсан шүү дээ. АНУ-аас орж ирсэн хүнсний тусламж, улаанбуудайны мөнгө, Японоос орж ирсэн техник туслалцаа хамтын ажиллагааны мөнгөнүүдийг ЖДҮХС-д хийгээд гаднын эх үүсвэрээр ЖДҮ-г дэмжих үйл ажиллагаа эхэлсэн байхгүй юу. Энэ чинь хүн амынхаа массыг ажилтай байлгах, ЖДҮ хөгжүүлэхээр гарч ирсэн түүхтэй юм. Энэ сан бол маш чухал. Сүүлийн үед энэ санг эрх баригчдын хүрээнд буруу зарж байгаа зүйл  нийгэмд гарч ирсэн. Энэ дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. ЖДҮХС-гийн зардлыг ил байлгах, шударга байлгах тал дээр бид нар анхаарах ёстой. Энэ сангийн үйл ажиллагаанд оролцох хувийн хэвшил, ТББ-уудын оролцоог жаахан нэмэгдүүлэхгүй бол улс төрийн хүрээнд яваад байдаг үйл ажиллагаа цаашдаа болохгүй нь гэж ойлгож байгаа. Энэ ЖДҮХС-гаар олон мянган хүнийг ажилтай болгож, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох боломж байгаа юм. Бид нар энэ санг буруутгах үйл ажиллагааг хийж болохгүй. Энэ сангийн эх үүсвэрийг аль болох нэмээд, эх үүсвэрээс нь зээл авдаг хүмүүсийг нь шударга болгоод явах ёстой шүү. Дэлхийд ЖДҮХС-гүй орон хаана ч байхгүй. Алдаагаа засъя.

-Одоо хүссэн хүсээгүй улирлаа дагаад эдийн засгийн цусны эргэлт идэвхжинэ. МАОЭНХ-оос аж ахуйн нэгжүүддээ ямар чиглэл зөвлөмж өгч байна даа?

-Нэгдүгээрт, ажил олгогч­доосоо хаврын эдийн засгийн сэргэлтийн үед та бэлэн байна уу гэдэг дээр судалгаа явуулж байна. Хоёрдугаарт, нөхцөл байдал ердийн үеэс ялгаатай байгаа учраас маш дэлгэрэнгүй зөвлөмжүүдийг гишүүддээ өгч байна. Жишээ нь, коронавирусээс сэрэмжлээд ажлын байран дээр ажил олгогч юу хийх ёстой юм бэ, ажилчин ямар үүрэгтэй байх вэ. Шинээр ажлын байран дээр бүрдүүлэх нөхцөлүүдийг зөвлөж байгаа. Мөн гишүүд рүүгээ чиглэсэн судалгааг авч байгаа. Шуурхай саналууд авч ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороогоор хэлэлцэх саналаа ХНХЯ-нд хүргүүлчихлээ. Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, АОЭНХ нийлээд улсын хэлэлцээрээр тохирсон зүйлсээ ярья, Хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газрын тавьсан зорилтууд хэрэгжих үү, ажлын байраа хадгалахын тулд хувийн хэвшлийг яаж дэмжих ёстой юм бэ гээд маш бодитой асуудлууд ярилцъя гээд саналаа яаманд тавьчихаад сууж байна. Дээр нь ажил олгогчдыг цуглуулаад тусгай зөвлөмжүүдийг өгч, гишүүдээ дэмжсэн, мэдээллээр хангасан үйл ажиллагааг явуулж байна.