Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн түншлэгч талуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн түншлэгч талуудыг хүлээн авч уулзлаа.

2020/04/09

Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн түншлэгч талуудыг хүлээн авч уулзлаа.

Өнөөдөр /2020.04.09/ Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн ажлын байрыг хадгалах, цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас хорио цээрийн энэ үед авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, Нийгмийн түншлэлийн хүрээнд МАОЭНХ, МҮЭХ-ны саналуудыг Засгийн газрын холбогдох шийдвэрт тусган ажиллаж байгаагаа онцлон хэллээ.

Мөн тэрээр хүнд хэцүү цаг үед ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлаар нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа хэлээд цаашид ч сайн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, улс орны хүнд хэцүү нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад Та бүхний оролцоо чухал хэмээн онцлон дурьдав.

Харин МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван гарах талаар ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодоос гаргасан саналд Засгийн газар анхаарал хандуулж тодорхой асуудлуудыг шийдвэрлэж байгаад талархал илэрхийллээ. Мөн Засгийн газраас боловсруулан УИХ-д оруулсан эдийн засгийг сэргээж, ажлын байрыг хадгалах тухай саналыг ажил олгогч эзэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулж ажлын байрыг хадгалах, үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ард иргэдийг орлоготой байлгах чиглэлээр Засгийн газар, ажилтны төлөөллийн байгууллага болох МҮЭХ-той нягт хамтран ажиллах санал дээр талууд тохиролцлоо.