Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Коронавирусийн улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, улс орны эдийн засгийг сэргээх талаар авах арга хэмжээний тухай

Коронавирусийн улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, улс орны эдийн засгийг сэргээх талаар авах арга хэмжээний тухай

2020/11/29
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ
 
 
2020 оны 11 дүгээр сарын  25-ны өдөр                                                                                          Улаанбаатар хот
 
Коронавирусийн улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, улс орны эдийн засгийг сэргээх талаар авах арга хэмжээний тухай
 
МАОЭНХ-ны Удирдах Зөвлөл, Монголын Мэргэжлийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн гишүүн холбоодууд коронавирусийн халдвар тархалтын улмаас үүссэн нөхцөл байдлын үед эдийн засгаа сэргээхтэй холбоотой асуудлаар цахимаар зөвлөлдөн доорх арга хэмжээнүүдийг нэн яаралтай цогцоор нь авч үзэж, иж бүрэн хэрэгжүүлэх шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаарх гишүүд дэмжигчдийнхээ гаргаж байгаа санал хүсэлт, байр суурийг УИХ, ЕТГ, ЗГ-т уламжлах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:
 
Нэг. Одоогийн нөхцөл байдалд ажил олгогч эзэд, аж ахуй, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын зүгээс өгч буй дүгнэлт
 
а) Коронавирустэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төр, засаг, Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам, холбогдох бусад төрийн байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан дэмжиж, ажлын байранд төр, засгийн шийдвэрийг хэрэгжүүлэн мөрдөн ажиллаж ирсэн бөгөөд цаашид эдийн засаг сэргээх үед улам эрчимтэй мөрдөн сахих арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг аж ахуй эрхлэгчдэд хандан уриалж, зөвлөмж болгох нь зүйтэй гэж үзэв.
 
б) Эдийн засгийн нөхцөл байдал асар их хүндэрсэн байна. Үүнийг улсын төсвийн орлогын тасалдал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бууралт, арилжааны банкуудад үүсээд байгаа найдваргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн нэмэгдэж буй үлдэгдэл, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын зогсолт, ажилгүйдэл, орлогогүй иргэдийн тооны өсөлт зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд нотлон харуулж байна.
 
в) Үүнээс гадна ажлын байрны дийлэнхийг бий болгож ард түмний амьжиргааг залгуулж ирсэн, мөн улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уул уурхай, барилга, боловсруулах аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан олон арван мянган аж ахуйн нэгж байгууллагууд (нэн ялангуяа хувийн хөрөнгө оруулалттай), ЖДҮ, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээ болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаа удаан хугацаагаар зогсож, хөл хорионд орсоны улмаас олох орлого нь бүрэн тасалдаж, эдгээр салбарт ажиллаж буй олон мянган ажилчдыг цаашид ажлын байраар хангаж, тэдэнд цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамж төлөх боломжгүй байдалд хүрээд байна. Эдгээр бизнес аж ахуй эрхлэгчид, түүн дотроо олон хүний хувь заяаг өмч хөрөнгөөрөө дэнчин тавьж, хариуцан ажиллаж байгаа ажил олгогч, эздүүдийн дийлэнх нь цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж харанхуй ангалын ирмэгт ирсэн мэт дүр зурагтай байна.
 
г) Аж ахуйн нэгж, байгууллагуудын зарим нь улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах нийтлэг арга зам хайхаасаа урьтаж төр, засгаа буруутгах, зөвхөн нэг аж ахуйн нэгж, нэг салбарын түвшинд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг дөвийлгөх, сошиал болон үндэслэлгүй мэдээлэлд хэт итгэн улс орны эдийн засгаа системийн хувьд сэргээх, харилцан уялдаатай асуудлаа цогц шийдэхэд анхаарлаа төвлөрүүлэхгүй учир дутагдалтай ажиллаж ирсэн түгээмэл дутагдал оршиж иржээ гэсэн дүгнэлтийг хийж, цаашдаа бодлогын түвшинд нөлөөлж, нэгдсэн байр суурьтай ажиллахад анхаарлаа чиглүүлж, төр засагтай түншилж, түшиг тулгуур нь болж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн болно.
 
д) Онцгой нөхцөл байдлын улмаас энэ оны эцэс гэхэд 40.0 мянга гаруй аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа 270-280 мянган хүн ажилгүй, цалингүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч зуу, зуун мянган хүн орлогогүй болж амьжиргаа нь хүндрэх нөхцөл байдал үүснэ гэсэн сошиал судалгаа гарч байгаа хэдий ч бодит байдлыг бүрэн тооцон тааварлах боломжгүй байна.
 
е) Аж ахуйн нэгжүүд, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаагаа зогсоосноос үүдэх сөрөг үр дагавар нь улс орны эдийн засагт бүхэлд нь улмаар ард түмний амьдрал, ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэн бүрийн өрх гэр бүлд нөлөөлөх болно. Нэн түрүүнд ажил хөдөлмөр хийж өдөр тутмын амь, амьдралаа залгуулж байсан олон мянган ажилтан, тэдний гэр бүлийн амьжиргаа нийгмийн эмзэг бүлгээс доогуур түвшинд хүрэх эрсдэл бий болж байгаагаас гадна банкнаас авсан төрөл бүрийн зээл, зээлийн хүү, түрээс, барьцааны төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэлүүд, НӨАТ, бусад бүх татвар хураамжаа ч төлөх боломжгүй байдалд хүрнэ. Олон мянган ажиллагчид цалин хөлс, орлогогүй болж байгаа учир орон сууцны болон цалингийн зээлийн өр, хүү, дулаан, цахилгааны төлбөрөө төлж чадахгүй байдалд орж байна.
 
ё) Засгийн газар, Монгол банк, СЗХ-ны зүгээс эдийн засгийг сэргээх талаар олон арга хэмжээнүүд авч, шийдвэрүүд гаргаж байгаа хэдий ч тэдгээр нь бий болсон хүндрэлийг төгс шийдэхэд учир дутагдалтай, бизнес эрхлэгчдэд бодитой тус дэм болж чадахгүй байгаад УИХ дүгнэлт хийж үзэх,
 
ж) Улс орны эдийн засагт учирч буй эрсдэлт байдлыг даван туулах, ААНБ, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалж, хадгалах гол арга зам нь төр, хувийн хэвшлийн түншлэл буюу төр, засаг, банк, санхүү, ААНБ, ажил олгогчид, мэргэжлийн холбоод хамтран улс, үндэснийхээ эрх ашгийн төлөө идэвхитэй нэгдэн ажиллаж харилцан зөвшилцсөн, зоримог, оновчтой шийдвэрийг гаргаж, түүнийгээ бүх шатанд, нийт оролцогчид хатуу сахин биелүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна.
Иймд эдийн засгаа сэргээх чиглэлээр доорхи шийдвэрүүдийг шуурхай гаргахыг холбогдох байгууллагуудад санал болгож байна. Үүнд:
 
Нэг. Зохион байгуулалтын талаар авах арга хэмжээ:

1. Богино хугацаанд, шуурхай ажиллаж, үүссэн нөхцөл байдлаас улсын эдийн засгийг хохирол багатай гаргах санал, төлөвлөгөө боловсруулж УИХ, ЗГ-т оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй ТХХТ-ийн хамтарсан ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулах (энэ ажлын хэсэгт УИХ-аас байгуулагдсан хоёр түр хороо, Засгийн газрын гол яамд, МБ, СЗХ, ААНБ, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулах),
 
2. Төр, засгаас эдийн засгийн сэргэлтийг дэмжих шийдвэр нь шууд мөнгө, санхүүгийн туслалцаа үзүүлж, мөнгө төгрөг өгөхдөө биш харин цаг үеийн нөхцөл байдлаа зөв мэдэрсэн оновчтой бодлого боловсруулах, эдийн засаг сэргэх аятай таатай эрх зүйн орчинг бий болгон бүрдүүлэх, төр, захиргааны байгууллагуудын эдийн засгийг дэмжих үйл ажиллагааны уялдаа, хүлээх үүрэг, хариуцлагыг маш тодорхой болгон зааглан тусгаж өгөхөд чиглүүлэх,
 
3. Эдийн засгийн өсөлтийг дэмжих талаар УИХ, ЗГ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд төр, төрийн захиргааны бүх шатны байгууллага, банк, санхүүгийн болон төрийн бус байгууллагууд, ААНБ, ажил олгогч эзэд, ХХЭ-чид, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон хяналт тавих хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулах.

Хоёр. Эдийн засгаа сэргээх арга хэмжээний талаар:
 
1. Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчинг бүрдүүлэхийг дэмжсэн чиглэлээр УИХ-аас доорхи чиглэлээр шийдвэр гаргуулах саналтай байна. Үүнд:
 
а) мөнгө, зээл, хүүгийн бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглүүлсэн нэгдсэн төрийн бодлого явуулах (Монгол банк, Засгийн газрын ажлыг уялдуулах) чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт оруулах,
 
б) Коронавирусээс үүдсэн хүндрэлийг арилгахтай холбогдуулан УИХ-аар шийдвэрлүүлэхээр Засгийн газар, Монголбанкнаас оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслүүдийг шуурхай шийдэж өгөх, ингэхдээ уг төслүүдтэй холбоотой асуудлуудыг цогцоор нь иж бүрэн судлан үзэж холбогдох хуульд нэг мөр нэмэлт оруулах зорилгоор доорх асуудлуудад анхаарах. Үүнд:
 
- Монгол банкнаас санал болгож байгаа шиг хадгаламжийн хүүг тогтоох, үндсэн зээлийг хойшлуулах хугацааг хуулиар тогтоолгох гэх мэт явцуу утгаар бус, харин төлбөрийн чадваргүй байдалд орж болзошгүй ААНБ, ХХЭ, иргэдийн (ипотекийн, цалингийн, хэрэглээний, түрээсийн гэх мэт) (500 хүртэл сая төгрөгийн борлуулалттай) төрөл бүрийн зээл, зээлийн хүү, төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 31-ний байдлаар тасалбар болгон зогсоон царцааж 24 сараар хойшлуулах, дараагийн 36 сард багтаан царцаасан зээл, хүүг тэнцүү хувааж төлж барагдуулахаар хуульчлах, мөн цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж бүтээгдэхүүнээ борлуулж, орлого олох боломтой ААНБ, ХХЭ, ард иргэдийг дахин хөрөнгөжүүлэх гэрээ хэлцэл хийх замаар хүндрэлээс гаргах санхүүжилт олгох эрх зүйн орчинг бий болгох,
 
- Царцааж хойшлуулсан зээл, зээлийн хүү, төлбөрийг нэгтгэн тусгай сан байгуулж, уг сангийн 60 хүртэл хувийг барьцаалан, түүнтэй тэнцэх эх үүсвэрээр арилжааны банкуудыг мөнгөжүүлэхэд зориулан олгох, шаардлагатай бол төрийн мэдэлд байгаа стратегийн орд газруудын аль нэгийг барьцаалан нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгон арилжааны банкуудыг мөнгөжүүлэх асуудлаар хууль эрх зүйн орчин бүрдүүлэх,
 
- Коронавирусийн улмаас үүссэн давагдашгүй хүчин зүйл болох хүндрэлийг арилгах хүртэл арилжааны банкнаас олгох зээлийн хүү, мөн хадгаламжийн хүү, Монгол банкны бодлогын хүүгийн дээд хэмжээг тус тус УИХ-аас хуулиар тогтоож, тогтоосон нөхцлөөр найдвартай ажиллагаатай ААНБ-дад шинээр зээл олгох, гэрээ хэлцэл хийхийг МБ, СЗХ-нд даалгасан заалт хуулиудад нэмэлт оруулах,
 
- ААНБ хооронд үүссэн төлбөр, өрийн сүлжээг харилцан шилжүүлэн тооцох, ялангуяа төрөл бүрийн татвар, шимтгэл, дулаан, цахилгааны төлбөр, тэмдэгтийн хураамж гэх мэт төр, төрийн өмчийн ААНБ-тай хийх тооцоог бизнесийн байгууллагад төрөөс олгоогүй гэрээт ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үлдэгдэл дүнгээс хасан барагдуулах замаар зохицуулах эрхийг ЗГ-т олгох шийдвэр гаргах,
 
- Гааль, НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүний хүү, торгууль, алдангийг коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь хүндэрсэн ААНБ-ын хувьд түр зогсоох хуулийн төслийг УИХ-д оруулж батлуулах, мөн энэ чиглэлээр шүүх, хууль хяналтын байгууллагад хэлэлцэгдэж буй нэхэмжлэлүүдийг зогсоох заалт хуульд нэмэх,
 
- Арилжааны банкин дахь монгол иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалж Хадгаламжийн даатгалын корпораци баталгаа гаргах, төр баталгаа гаргаж буй хэмжээг нэмэхээр хуулиудад нэмэлт оруулах,
 
- Коронавирусээс шалтгаалан үйл ажиллагаа нь хүндэрсэн ААНБ-ын өр төлбөрт судалгаа хийж шаардлагатай нөхцөлд (НД, ЭМД-ын үндсэн шимтгэлээс бусад) өр, төлбөр, хүү, торгууль, алдангийг өршөөлд хамруулах хуулийг санаачлан гаргах буюу эсвэл Коронавирусийн тухай хуульд нэмэлт заалт болгон оруулах замаар нэг удаа шийдвэрлэх боломжийг судлах,
 
- Түрээс, түрээсийн төлбөр, хүүг коронавирусийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсонтой холбогдуулан хөнгөвчлөх болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хүүний дээд хэмжээг тогтоох хууль эрх зүйг бий болгох,
- Эдийн засгийн сэргэлтийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Нийгмийн даатгалын багц хуулиудыг яаралтай журмаар хэлэлцэн батлан гаргахад анхаарах.
 
Гурав. Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
 
1. Коронавирусийн халдвар тархаагүй аймаг, орон нутагт барилга, үйлдвэрлэл, уул уурхай, ЖДҮ эрхлэгчид, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг вирусийн халдвар, хамгааллаас сэргийлэх дүрэм, журмыг хатуу сахин мөрдөх нөхцөлтэйгөөр эхлүүлэх шийдвэр гаргах,
 
2. Экспортлох бүтээгдэхүүнээ гэрээнд заагдсан хугацаанд нийлүүлэх үүрэг хүлээсэн ноолуур, ноос, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд болон барилга, үйлдвэрлэл, уул уурхай, ЖДҮ эрхэлж буй ААНБ, банк санхүүгийн салбарт ажиллагсдыг Онцгой байдлын үед үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч буй 13 салбарын ажиллагчидтай ижил түвшинд хамааруулан ажиллах, унаа машин ашиглахыг зөвшөөрөхийг Улсын онцгой комисст өгч, хэрэгжилтийг яаралтай зохион байгуулж эхлүүлэх,
 
3. Худалдан авах ажиллагаа, тендерийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нь барагдуулаагүй ААНБ-дад тэргүүн ээлжинд ажилчдын цалин хөлс, бараа худалдан авсан төлбөр, авсан зээл, түүний хүүг барагдуулах хөрөнгө зардлыг нэн тэргүүнд олгох үүргийг холбогдох төсвийн захирагч нарт даалгах,
 
4. ЗГ-тай байгуулсан гэрээт болон тендерийн дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадахгүй байгаа ААНБ-дын судалгааг гарган үзэж, үлдэгдэл санхүүжилтийг олгох бололцоо байхгүй байгаа бол төлбөрийн баталгаа, ваучер гаргаж өгөх арга хэмжээ авахыг Сангийн яаманд үүрэг болгох,
 
5. Коронавирусийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед татвар, шимтгэлийн өртэй гэж хаасан банкин дахь харилцах дансуудыг нээх шийдвэр гаргаж, банк санхүүгийн байгууллагуудад мэдэгдэх,
 
6. Хөл хорио тогтоосон үед барилга, зам, эмнэлэг, сургууль гэх мэт барилга байгууламжийг хүлээн авах “Улсын комисс” ажиллахгүй байгаагаас болж ихээхэн чирэгдэл учирч байгаа тул уг комиссыг цахим хэлбэрээр ажиллуулах, цахим гарын үсэгт шилжүүлэх талаар ЗГ-ын шийдвэр гаргах, улмаар цаашдаа олон улсын жишгээр дэлхийн зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ноос гаргасан стандартын дагуу обьектыг хүлээн авч үйл ажиллагааг уг төсөлд техникийн хяналт тавих үүрэгтэй ажилласан зөвлөх компанийн баталгаадүгнэлт, үйл ажиллагаа явж байх үед хийгдсэн мэргэжлийн хяналт, байгаль орчин, онцгой байдлын байцаагчдын зөвлөмжийг үндэслэн хүлээн авч ашигладаг журамд шилжих шийдвэрийг гаргаж мөрдүүлэх.
 
Дөрөв. Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглүүлж МБ-наас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар:
 
1. Банк, санхүүгийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээний нууц, аюулгүй байдлыг хангах, найдвартай, баталгаатай ажиллагааг хангах,
 
2. Валютын төгрөгтэй харьцах ханшийг хадгалж, хэлбэлзэлийг тогтвортой байлгах, монгол төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах бодлогын арга хэмжээг боловсруулах, шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх,
 
3. Нөхцөл байдал ноцтой хүндэрч өөрчлөгдөхөд хүрвэл төгрөгийн валюттай харьцах ханшийг тогтмол ханшид шилжүүлэн түр мөрдөх, эсвэл хэлбэлзэлийг тогтворжуулах асуудлыг судлан шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулан УИХ-д танилцуулах,
 
4. Валютын ханшны хэлбэлзлээс сэргийлэх, нэг валютын хараат байдлаас гарах үүднээс хөрш орнуудтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтыг тухайн орны мөнгөн тэмдэгтээр хийх тогтолцоонд шилжүүлэх асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх.
 
Тав. Экспортын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ:
 
1. Улс орны эдийн засгийн өсөлтөд голлох үүрэгтэй, экспортолсон бүтээгдэхүүнээсээ шууд улсын төсөвт татвар хураамж төлдөг бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санхүү, эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэх (зэс, нүүрс, жонш, төмөр болон цайрын хүдэр, мах, ноос ноолууран бүтээгдэхүүн, ХАА-н түүхий эд гэх мэт),
 
2. Экспортлох процедурыг хөнгөвчилж зөвшөөрөл, тодорхойлолт олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, хууль бус нэмэлт зөвшөөрөл,хураамжийг арилгах (“С” зөвшөөрөл гэх мэт),
 
3. Ноос ноолуур, нэхий, арьс ширэн эдлэл, мах бэлтгэл, халуун аргаар мах боловсруулах, ЖДҮ-ийн болон гар урлалын бүтээгдэхүүний экспортыг дэмжих, сурталчилах арга хэмжээг авах,
 
4. 2021 онд БНХАУ-д экспортлох нүүрсийг Засгийн газар хоорондын тохиролцооны дагуу 50 сая тоннд хүргэх тусгай төлөвлөгөө гарган ажиллах, БНХАУ-д нүүрс нийлүүлэх квотыг олборлогч компаниудад худалдан олгох арга хэмжээг туршин үзэх,
5. Нүүрсний чанар тодорхойлох хамтарсан лабораторийг бий болгон ажиллуулж, Монголоос экспортолж байгаа нүүрсний чанарыг энэ лабораторийн дүгнэлтээр БНХАУ-д нийлүүлдэг журамд шилжих.
 
Зургаа. ААНБ-д ажиллагчдын амьжиргааг дэмжих талаар:
 
1. Коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь зогссон ААНБ-ын цалин хөлс орлогогүй болсон болон өдөр тутмын орлогоороо амин зуулгаа залгуулдаг ажилчдын ар гэрт, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлж буй тусламж дэмжлэгтэй ижил тусламж дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авах асуудлыг шийдвэрлэх,
 
2. НДШ төлөгч аж ахуйн нэгжүүдийн цалин орлогогүй болсон ажилтан албан хаагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх олговрыг НДШ-ийн ажилгүйдлийн даатгалын сангийн үлдэгдлээс олгох хууль боловсруулан УИХ-д оруулж шийдвэрлүүлэх,
 
3. Хэрэв нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд амьжиргаа нь хүндэрсэн ажилтан болон ард иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг “Ирээдүйн сан”-гаас олгох хууль боловсруулан шийдвэрлэх,