Эзэн баян бол Улс баян

Eng

Mon

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ
ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Л. Нямсамбуу

Эрхэм хүндэт ажил олгогч эзэд, нийгмийн түншүүд, найз нөхөд өө!

     Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны түүх, үйл ажиллагаа, хөгжлийн талаар сонирхож байгаад талархалаа илэрхийлье. Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо өөрийн эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө юу бүтээж, хэрхэн ажиллаж байгааг Та бүхэнд танилцуулахад таатай байна.

     1990 оноос Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэн бөгөөд энэ түүхэн цаг мөчид Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь ажил олгогч эздийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх зорилготойгоор нийгмийн захиалгаар Та бүхний санаачлагaтайгаар байгуулагдсан билээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус Холбоо өөрийн үйл ажиллагааг дараах үндсэн чиг үүрэгт хандуулан ажиллаж ирлээ.

  • Гишүүд, дэмжигчид болон хувийн хэвшлийн ашиг сонирхол, байр суурь, бодлогыг хууль батлах, төрийн бодлого   тодорхойлоход тусгах
  • Хөдөлмөр, нийгмийн гурван талт түншлэлийг хөгжүүлж, төлөвшүүлэх
  • Гишүүн ажил олгогч эздийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах
  • Хувийн хэвшлийн хөгжлийн түлхүүр хүний нөөцийн бодит капиталыг бий болгон хөгжүүлэх
  • Гишүүд, дэмжигчдээ хэрэгцээт мэдээллээр хангах
  • Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал – эрүүл ахуй, цалин урамшууллын систем, хүний нөөц, санхүү-татварын харилцаа, хууль эрх зүй, менежмент, төр хувийн хэвшлийн түншлэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулж хэрэгжүүлэх
  • Хүний нөөцийн зуучлал, хөдөлмөрийн харилцааны баримт бичиг боловсруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал-эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх, санхүү-татварын тайлан боловсруулах,
  • Хамтын ажиллагаа бүхий улс орнуудад зохион байгуулагдах Олон улсын бодлогын чуулган, хурал, сургалт, семинарт хувийн хэвшлийн байр суурь, саналыг илэрхийлж төлөөлөн оролцох
  • Гадаад улс орнуудад зохион байгуулагддаг үзэсгэлэн яармагуудад гишүүд, дэмжигчдээ хамруулах
  • Орон нутгийн хувийн хэвшлийн ажил олгогч эздийг идэвхижүүлж чадавхижуулах, орон нутгийн засаг захиргаа – хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх.

      Манай холбооны нийт гишүүд, дэмжигчид Та бүхний байнгын дэмжлэг, хүчин чармайлтын үр дүнд Монгол улсад хөдөлмөрийн харилцаа төлөвшиж, хувийн хэвшил улс орны эдийн засгийг тодорхойлох түвшинд хүрч чадавхижсан нь Та бидний шургуу хамтын ажиллагааны бодит илрэл гэж баяртайгаар цохон тэмдэглэе.

    Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь 21 аймагт бие даасан салбартай 60 орчим суманд төлөөлөгчтэй, Улсын их хурал, Засгийн газар, яам, агентлагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулан ажиллахын зэрэгцээ 41 мэргэжлийн холбоод, 12 салбар хороо, хувийн хэвшлийн 8100 гаруй гишүүн байгууллагыг хамруулан Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгааг Та бүхэнд танилцуулахад таатай байна.

     Эцэст нь манай Холбооны үйл ажиллагааг дэмжин тусалж байнгын хамтын ажиллагаатай ажилладаг гишүүд, дэмжигчид бүх байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна.

ХҮНДЭТГЭСЭН

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ

  ЕРӨНХИЙЛӨГЧ Л. НЯМСАМБУУ