Эзэн баян бол Улс баян

Eng

Mon

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ
ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

Танд тусалъя буюу ажил олгогчдод зориулсан HELPDESK цэсийн талаар

Хөдөлмөрийн харилцааг илүү сайн,  хүчирхэг болгох зорилгоор Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос санал болгож буй ажил олгогчид, хөрөнгө оруулагчид, менежерүүд болон ажилчдад бизнесийн үйл ажиллагаагаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх талаар мэдээллээр хангах нэг цэгийн үйлчилгээний “Танд тусалъя” /HELPDESK/ цэсэд тавтай морилно уу.

“Танд тусалъя” цэс нь хөдөлмөрийн болон хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой холбоотой өргөн хүрээний асуудлаар мэдээлэл өгөх болно.

  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаарх Таны ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх;
  • Монгол Улсын соёрхон баталсан конвенцийг дагаж мөрдөх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлэх талаар мэдээлэл өгөх;
  • Мэдээлэл авах эх сурвалжаар хангах;
  • Хөдөлмөрийн хэм хэмжээний талаар туршлага багатай аж ахуйн нэгжүүдэд практик чиг баримжаа өгөх зорилготой.

Энэхүү “Танд тусалъя” /HELPDESK/ цэсийг ОУХБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр гаргасан болно.

HELP DESK

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭ

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. ОУХБ олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоож, хөдөлмөрийн хүрээний эрхүүдийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. ОУХБ нь Засгийн газар, ажил олгогч, ажилчдын төлөөллийг холбосон гурван талт онцлог бүтэцтэй. ОУХБ нь 187 гишүүнтэй, НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн агентлаг юм.

Монгол Улс 1968 оны 5-р сарын 24-ний өдөр ОУХБ-д гишүүнээр элссэн.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь ОУХБ-ын түншлэгч талууд Олон улсын хөдөлмөрийн бага хурлаараа хэлэлцэн баталсан эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү хэм хэмжээг конвенц, протокол, эсвэл зөвлөмж хэлбэрээр гаргадаг. ОУХБ-ын гишүүн улс конвенцод нэгдэн орж болох бөгөөд нэгдэн орсны дараа заавал дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

ОУХБ нь 2024 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар нийт 191 конвенц, 6 протокол, 208 зөвлөмж баталсан байна. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний мэдээллийг агуулдаг ОУХБ-ын NORMLEX өгөгдлийн санд normlex.ilo.org цахим хаягаар орж үзнэ үү.

ОУХБ-ын Удирдах зөвлөл дараах 10 конвенцыг “Хөдөлмөрийн хүрээний суурь эрх ба үндсэн зарчмыг тусгасан суурь конвенц” болохыг нь тодорхойлсон. Үүнд:

  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц, 1948 (№ 87);
  • Зохион байгуулах болон хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц, 1949 (№ 98);
  • Албадан хөдөлмөрийн тухай конвенц, 1930 (№ 29);
  • Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (№ 105);
  • Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (№  138);
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенц, 1999 (№ 182);
  • Тэгш шан хөлсний тухай конвенц, 1951 (№ 100);
  • Ялгаварлахгүй байх (Ажил эрхлэлт болон ажил, мэргэжил) тухай конвенц, 1958 (№ 111);
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1981 (№ 155);
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээний тухай конвенц, 2006 (№ 187).

Түүнчлэн ОУХБ-ын Удирдах зөвлөл дараах 4 конвенцыг засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий конвенц болохыг нь тодорхойлсон. Үүнд:

  • Хөдөлмөрийн хяналтын тухай конвенц, 1947 (№ 81);
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенц, 1949 (№ 98);
  • Хөдөлмөрийн хяналт (Хөдөө аж ахуй дахь) тухай конвенц, 1969 (№ 129);
  • Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай конвенц, 1976 (№ 144).

МОНГОЛ УЛСЫН НЭГДЭЖ ОРСОН КОНВЕНЦ

Манай улс одоогоор 21 конвенцод нэгдэж орсон байна. Эдгээрээс 20 конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

ОУХБ-ын суурь 10 конвенцод Монгол Улс нэгдэж орсон байдлыг дараах хүснэгтээс үзнэ үү.

ОУХБ-ын суурь конвенцод Монгол Улс нэгдэж орсон байдал

ОУХБ-ын суурь 10 конвенциМонгол Улс нэгдэж орсон огноо
1Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц, 1948 (№ 87)1969 оны 6-р сарын 3
2Зохион байгуулах болон хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц, 1949 (№ 98)1969 оны 6-р сарын 3
3Албадан хөдөлмөрийн тухай конвенц, 1930 (№ 29)2005 оны 3-р сарын 15
4Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (№ 105)2005 оны 3-р сарын 15
5Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (№  138)2002 оны 12-р сарын 16
6Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенц, 1999 (№ 182)2001 оны 2-р сарын 26
7Тэгш шан хөлсний тухай конвенц, 1951 (№ 100)1969 оны 6-р сарын 3
8Алагчилахгүй байх (Ажил эрхлэлт болон ажил, мэргэжил) тухай конвенц, 1958 (№ 111)1969 оны 6-р сарын 3
9Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1981 (№ 155)1998 оны 2-р сарын 3
10Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээний тухай конвенц, 2006 (№ 187)Одоогоор нэгдэж ороогүй байгаа

Эх сурвалж:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142

ОУХБ-ын засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий 4 конвенцод Монгол Улс нэгдэж орсон байдлыг дараах хүснэгтээс үзнэ үү.

ОУХБ-ын засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий конвенцод Монгол Улс нэгдэж орсон байдал

ОУХБ-ын засаглалын буюу тэргүүлэх ач холбогдол бүхий 4 конвенцМонгол Улс нэгдэж орсон огноо
1Хөдөлмөрийн хяналтын тухай конвенц, 1947 (№ 81)Одоогоор нэгдэж ороогүй байгаа
2Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенц, 1949 (№ 98)1969 оны 6-р сарын 3
3Хөдөлмөрийн хяналт (Хөдөө аж ахуй дахь) тухай конвенц, 1969 (№ 129)Одоогоор нэгдэж ороогүй байгаа
4Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай конвенц, 1976 оны (№ 144)1998 оны 8-р сарын 10

Эх сурвалж:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142

Монгол Улс нэгдэж орсон, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад конвенцын нэр, нэгдэж орсон огнооны талаарх мэдээллийг дараах хүснэгтээс үзнэ үү.

Монгол Улс нэгдэж орсон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад конвенц

ОУХБ-ын конвенцМонгол Улс нэгдэж орсон огноо
1Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай конвенц, 1948 (№ 88)2015 оны 4-р сарын 17
2Эхчүүдийг хамгаалах тухай конвенц, 1952 (№ 103)1969 оны 6-р сарын 3
3Газар дор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай конвенц, 1965 (№ 123)1981 оны 12-р сарын 3
4Ажилтны төлөөлөгчдийн тухай конвенц, 1971 (№ 135)1996 оны 10-р сарын 8
5Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай конвенц, 1983 (№ 159)1998 оны 2-р сарын 3
6Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1988 (№ 167)2020 оны 11-р сарын 5
7Уул уурхай дахь аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1995 (№ 176)2015 оны 11-р сарын 26
8Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай, 1997 (№ 181)2015 оны 4-р сарын 17
9Далайн хөдөлмөрийн тухай конвенц, 20062015 оны 9-р сарын 1

Эх сурвалж:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142

ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ

Монгол Улс соёрхон баталсан ОУХБ-ын конвенц нь манай улсын Олон улсын гэрээний эх сурвалжийн нэг болно. Иймд ОУХБ-ын конвенц нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ (Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг).

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн зохицуулалт оруулсан байдаг.

Иймд хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах, нийцүүлж өөрчлөх үед олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг загвар байдлаар ашиглана.

Мөн хөдөлмөр, нийгмийн бодлого боловсруулах, хөдөлмөрийн маргаан зохицуулах механизм, хөдөлмөрийн удирдлага, хяналтыг сайжруулах, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгоход ОУХБ-ын конвенц, зөвлөмжийг удирдамж болгон ашиглаж болно.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ үндэсний хууль тогтоомжид хараахан тусгагдаагүй байсан ч хамтын гэрээний агуулга нь тэдгээрээс үүдэлтэй байж болдог.

Аж ахуй эрхлэгч, ажил олгогчид үнэт зүйлс, ёс зүйн хандлага, компанийн засаглал, нийгмийн хариуцлагаа тодорхойлох, тэдгээрийг баримтлан үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг ашигладаг болсон.  

ОУХБ-ын дараах үндсэн 2 баримт бичгийг компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг сайжруулах хүрээнд удирдамж болгон ашиглаж болно. Үүнд:

  1. Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн тухай ОУХБ-ын 1998 оны тунхаглал (https://www.ilo.org/ilo-declaration-fundamental-principles-and-rights-work );
  2. Үндэстэн дамнасан үйлдвэрлэл эрхлэгчид, нийгмийн бодлогын асуудлын зарчмын гурван талт зөвшилцлийн тунхаглал (https://www.ilo.org/ilo-department-sustainable-enterprises-productivity-and-just-transition/areas-work/tripartite-declaration-principles-concerning-multinational-enterprises-and)

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага. ilo.org    
  • Аж ахуй эрхлэгчдэд Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаар Туслалцаа үзүүлэх алба

https://www.ilo.org/ilo-department-sustainable-enterprises-productivity-and-just-transition/areas-work/ilo-helpdesk-business-international-labour-standards

  • Олон улсын хөдөлмөрийн конвенци, зөвлөмжүүдэд хамаарах дэг журмын талаарх гарын авлага, 2019

 Англи хэл:

https://www.ilo.org/sites/default/files/wcmsp5/groups/public/%40ed_norm/%40normes/documents/publication/wcms_697949.pdf 

Монгол хэл

https://www.ilo.org/publications/handbook-procedures-relating-international-labour-conventions-and-2?lang=mn

  • Тоглоомын дүрэм: Хэм хэмжээ тогтоохтой холбогдсон ОУХБ-ын үйл ажиллагааны тухай танилцуулга (Зуун жилийн ойн хэвлэл, 2019)

 Англи хэл:

https://www.ilo.org/sites/default/files/wcmsp5/groups/public/%40ed_norm/%40normes/documents/publication/wcms_672549.pdf

Монгол хэл

https://www.ilo.org/publications/rules-game-introduction-standards-related-work-international-labour?lang=mn

  • Монгол Улсын соёрхон баталсан конвенциуд

Англи хэл:

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142  

Монгол хэл

https://legalinfo.mn/mn/law?page=law&cate=29&active=1&sort=title&page=1

https://mlsp.gov.mn/page/detail/2916

https://mfa.gov.mn/олон-улсын-хөдөлмөрийн-байгууллагын

  • Cоёрхон баталсан конвенцын хэрэгжилтийн тухай тайлан, Конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооны ажиглалт, шууд хүсэлт, Засгийн газраас ирүүлсэн хариулт, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын санал

Англи хэл:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:11110:0::NO:11110:P11110_COUNTRY_ID:103142

https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:14000:0::NO:14000:P14000_COUNTRY_ID:103142

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгааалах тухай конвенц, 1948 (№ 87):

Ажилчид болон ажил олгогчид нь ямар ч ялгаагүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах, түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгөөр элсэн орох эрхтэйг баталгаажуулахыг энэхүү суурь конвенц Гишүүн улсууддаа үүрэг болгосон байдаг. Энд дурдсан “байгууллага” гэсэн нэр томъёонд ажилчид, ажил олгогчдын ашиг сонирхлыг хангах, хамгаалах зорилго бүхий ажилчид эсвэл ажил олгогчдын аль ч байгууллага хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 9.2-т “Эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг 1991 онд батлагдсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль”-иар баталгаажуулсан болно. Харин ажил олгогчид эвлэлдэн нэгдэх эрхээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1 дэх хэсэгт зааснаар батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах зэрэг хүн амд нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтан, албан хаагч эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ байгуулахыг санаачлах эрхтэй.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312232:NO

Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц, 1949 (№ 98):

Ажилчид хөдөлмөр эрхлэлттэй нь холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн эсрэг чиглэсэн алагчлах аливаа үйлдэл, тухайлбал, үйлдвэрчний эвлэлд элсэхгүй байх буюу үйлдвэрчний эвлэлээс гарахыг хөдөлмөр эрхлэх нөхцөл болгож тавих, үйлдвэрчний эвлэлийн гишүүн учраас, түүнчлэн ажлын бус цагаар эсхүл ажил олгогчийн зөвшөөрөлтэйгөөр ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажилчныг ажлаас халах буюу өөр бусад байдлаар хохироохоос зохих ёсоор хамгаалуулна.

Энэхүү конвенцын 3-р зүйлд “Өмнөх зүйлүүдэд тодорхойлсон зохион байгуулах эрхийг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд үндэсний нөхцөл байдалд тохирсон бүтцийг бий болгоно” гэж заажээ.

Ажил олгогчдын болон ажилчдын байгууллагууд үүсэн байгуулагдах, үйл ажиллагаа явуулах, удирдлагаа хэрэгжүүлэхэд бие биендээ саад учруулах, эсвэл төлөөлөгч, гишүүдийн зүгээс оролцох аливаа үйлдлээс зохих ёсоор хамгаалуулна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 11.1-д ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гаргахыг хориглосон шударга бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлон заасан бол 11.2-т ажилтан, ажилтны төлөөлөгчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гаргахыг хориглосон шударга бус үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлсон.

Энэхүү конвенцын 4-р зүйлд зааснаар хамтын гэрээ байгуулах замаар хөдөлмөрлөх нөхцлийг зохицуулах үүднээс шаардлагатай тохиолдолд ажил олгогч болон ажил олгогчийн байгууллага, ажилчдын байгууллагын хооронд сайн дурын үндсэн дээр хэлэлцээ хийх бүтцийг бүрэн хөгжүүлэх болон ашиглахыг дэмжих арга хэмжээг үндэсний нөхцөлд тохируулан авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн “Хамтын хэлэлцээ” гэсэн гуравдугаар бүлэг нь хэлэлцээ хийх бүтцийг бүрэн хөгжүүлэх болон ашиглахыг дэмжихэд чиглэгдсэн байдаг.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312243:NO

Албадан хөдөлмөрийн тухай конвенц, 1930 (№ 29)

Аж ахуйн нэгж, байгууллага нь албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг аль болох богино хугацаанд арилгах үүрэг хүлээнэ.

Энэхүү конвенцод зааснаар “Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр” гэж ямар нэг шийтгэл хүлээлгэхээр айлган сүрдүүлж аливаа этгээдээр гүйцэтгүүлэх, чингэхдээ уг этгээд нь өөрөө сайн дураар гүйцэтгэхийг санал болгооогүй бүх ажил буюу үйлчилгээг хэлнэ.

Конвенцын 2-р зүйлийн 2 дахь хэсэгт албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрт үл хамаарах дараах ажил үйлчилгээг тодорхойлон заажээ. Үүнд:

  • Цэргийн алба заавал хаахыг заасан хуулийн дагуу цэвэр цэргийн шинжтэй ажил гүйцэтгэхтэй холбогдсон аливаа ажил буюу үйлчилгээ;
  • Өөрийгөө бүрэн удирдах улсын иргэний хувьд хүлээсэн иргэний ердийн үүргийн хэсэг болох аливаа ажил буюу үйлчилгээ;
  • Шүүхийн шийдвэрээр ногдуулсан шийтгэлийн үр дүнд аливаа этгээдээр гүйцэтгүүлэх ажил буюу үйлчилгээ, гэхдээ уг ажил буюу үйлчилгээг төрийн эрх бүхий байгууллагын хяналт дор гүйцэтгэх бөгөөд тэрхүү этгээдийг хувь хүн, компани, эсхүл нийгэмлэгийн мэдэлд хөлслөх буюу шилжүүлэхгүй байх ёстой;
  • Онцгой тохиолдолд, өөрөөр хэлбэл, дайн буюу гамшгийн үед эсхүл гамшиг тулгарсан үед, тухайлбал, гал түймэр, үер, өлсгөлөн, газар хөдлөлт, гоц халдварт өвчний тархалт, амьтан, шавж буюу ургамлын хортон шавжийн нүүдэл, ер нь нийт хүн ам буюу хүн амын хэсэг амьд явах буюу хэвийн амьдрахад аюул учруулах аливаа нөхцөл байдалд гүйцэтгэх аливаа ажил буюу үйлчилгээ;
  • Бүлэглэлийн шууд ашиг тусын тулд тухайн бүлэглэлийн гишүүдийн гүйцэтгэдэг бөгөөд тиймээс тухайн бүлэглэлийн гишүүдийн иргэний ердийн үүрэг гэж үзэж болох хамтын шинжтэй жижиг үйлчилгээ, гэхдээ энэ үйлчилгээ хэрэгтэй эсэх талаар бүлэглэлийн гишүүд буюу тэдний шууд төлөөлөгчтэй зөвлөлдөх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, “Албадан хөдөлмөрлүүлэх” гэж юуг ойлгох, албадан хөдөлмөрлүүлэхэд үл хамаарах ажил үйлчилгээг тодорхойлох,  хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтууд тусгагдсан.

Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд “Бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312174:NO

Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (№ 105)

Энэхүү конвенцын 1-р зүйлд заасны дагуу манай улс албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийн аливаа хэлбэрийг хориглож, дараах зорилгоор ашиглахыг таслан зогсоох, албадан буюу заавал хийлгэх хөдөлмөрийг нэн даруй, бүрэн устгах үүрэг хүлээсэн болно.  Үүнд:

  • Улс төрийн нөлөөнд оруулах болон хүмүүжлийн арга хэмжээ болгох, эсхүл улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эсрэг чиглэсэн улс төрийн үзэл бодол буюу оюун санааны үзэл бодолтой байх, түүнийг илэрхийлсний төлөө ногдуулах шийтгэл болгох;
  • Эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор ажиллах хүчийг дайчлах, ашиглах арга хэлбэр болгох;
  • Хөдөлмөрийн сахилга батыг сахиулах арга хэрэгсэл болгох;
  • Ажил хаялтад оролцсонд ногдуулах шийтгэл болгох;
  • Арьс өнгө, нийгмийн байдал, яс үндэс, шашин шүтлэгээр алагчлан арга хэрэгсэл болгох.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312250:NO

Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (№ 138)

Энэхүү Конвенцод нэгдэн орсноор манай улс хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн устгах үндэсний бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг өсвөр үеийнхний бие бялдар болон оюун ухааны хөгжил бүрэн гүйцэд төлөвших насанд хүргэхээр аажмаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн болно.

Конвенцын 2-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн насны доод хязгаар нь бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд арван таван наснаас доошгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 142.1 дэх хэсэгт “15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3, 142.5-д зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 142.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142.5 дахь хэсэгт зааснаар 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болохоор зохицуулсан.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312283:NO

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай конвенц, 1999 (№ 182)

Энэхүү суурь Конвенцод нэгдэн орсноор манай улс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Конвенцын 3-р зүйл зааснаар “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдэгт:

  • боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагаа;
  • хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох;
  • олон улсын холбогдох гэрээнд тодорхойлсноор хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох;
  • ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажлыг тус тус хамруулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 142.2 дахь хэсэгт  “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно” гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн A/122 дугаар тушаалын хавсралтаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг баталсан болно.

Хавсралтыг дараах линкээр орж үзнэ үү: 

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151428791&showType=1

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Арван зургаадугаар бүлгийн 13.10 дугаар зүйлд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн гэмт хэргийн хуулийн хариуцлагыг дараах байдлаар зохицуулжээ:

        “Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312327:NO

Тэгш шан хөлс олгох тухай конвенц, 1951 (№ 100)

Энэхүү конвенцын 2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар манай улс адил үнэ цэнтэй ажил гүйцэтгэсэн эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмыг шан хөлсний хэмжээ тогтоох аргуудад нийцүүлэн дэмжих, эдгээр аргатай зохицох хэр хэмжээнд нь уг зарчмыг бүх ажилчдын хувьд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Конвенцод дараах 2 нэр томьёо хэрэглэжээ. Үүнд:

  • “Шан хөлс” гэж эрхлэх ажилтай нь холбоотойгоор ажил олгогчоос ажилчинд шууд буюу шууд бусаар, мөнгөн буюу биет байдлаар олгох ердийн, үндсэн буюу доод хэмжээний цалин буюу албан тушаалын цалин, түүнчлэн бусад нэмэлт урамшууллыг хэлнэ.
  • “Адил үнэ цэнтэй ажил гүйцэтгэсэн эрэгтэй, эмэгтэй ажилчдад олгох тэгш шан хөлс” гэсэн нэр томьёо нь хүйсээр алагчлахгүйгээр тогтоосон шан хөлсний хэмжээг хэлнэ.

Дээр дурдсан зарчмыг хэрэгжүүлэх дараах аргуудыг конвенцод зааж өгсөн. Үүнд:

  • үндэсний хууль тогтоомж;
  • хуулийн дагуу тодорхойлсон буюу хүлээн зөвшөөрсөн шан хөлс тогтоох бүтэц;
  • ажил олгогч, ажилчдын хооронд байгуулсан хамтын гэрээ;
  • эдгээр аргыг хослуулах.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу баталж гаргасан дараах эрх зүйн актыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох зорилгоор ашиглана. Үүнд:

  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн 2 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчмыг хэрэгжүүлэх аргачлал”;
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цалин хөлс тогтоох аргачлал”;
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал”;
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал”.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312245:NO

Хөдөлмөр эрхлэлт болон ажил мэргэжлийн хүрээнд алагчилахгүй байх тухай конвенц, 1958 (№ 111)

Энэхүү конвенцыг соёрхон баталснаар манай улс ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа алагчлалыг бүрмөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Конвенцод хэрэглэсэн “алагчлах” гэсэн нэр томьёо нь дараах утгыг агуулна:

  • арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл;
  • ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллага буй тохиолдолд тус байгууллагууд болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гишүүн улсад тогтоосон ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, үгүйсгэн гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл.

Конвенцод оролцогч талууд тэгш боломж, тэгш байдлыг хангах үндэсний бодлогоо боловсруулж, уялдуулах шаардлагатай. Үүнд ажилчид, ажил олгогчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрийг дэмжих зэрэг орно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох зохицуулалт дэлгэрэнгүй тусгагдсан. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй.

Дараах тохиолдлыг ялгаварласан, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэхгүй:

  • тухайн ажил үүргийн онцлогоос бий болгосон ялгаа, хязгаарлалт, давуу байдал;
  • энэ хуульд заасан зарим бүлгийн ажилтанд үзүүлэх хамгаалалтын тусгай арга хэмжээ, дэмжлэг.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно.

Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312256:NO

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай конвенц, 1981 (№ 155)

Энэхүү конвенцын 4, 8, 9, 10 дугаар зүйлд заасны дагуу манай улс:

  • үндэсний нөхцөл, дадалд нийцүүлэн ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх томоохон байгууллагатай зөвшилцөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, үе үе хянан үзэх;
  • бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны талаарх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хяналтын зохистой, зөв тогтолцоогоор хангах;
  • ажил олгогч, ажилчдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслах үүднээс чиглэл, удирдамж өгөх зэрэг үүрэг хүлээсэн.

2008 онд батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага нь эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулах ёстой.

Мөн хуулийн 27.1 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Олон Улсын Стандарт OHSAS 18001:2007, Монгол Улсын Стандарт MNS OHSAS 18001:2012 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо. Шаардлага)-ыг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх боломжтой.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_INSTRUMENT_ID:312300

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенц, 1964 (№ 122)

Засгийн газар, нийгмийн түншүүд бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийг устгах, ажиллах хүчний хэрэгцээг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжил, түүний өсөлтийг урамшуулах зорилгоор үр ашигтай, бүрэн, чөлөөт хөдөлмөр эрхлэлтийн сонголтод дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн идэвхтэй бодлогыг гол зорилго болгон зарлаж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Манай улс 1995 оноос ажилгүйдлийн даатгалын тогтолцоонд шилжсэнээр ажилгүйдлийн тэтгэмжид суурилсан хөдөлмөрийн зах зээлийн идэвхгүй бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2001 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль батлан гаргаснаар хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг дэмжихэд чиглэгдсэн идэвхтэй бодлого хэрэгжүүлэх боломж бүрдсэн билээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг энэхүү конвенцод нийцүүлэх үндсэн дээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжих шаардлагатай байгааг энд дурдах нь зүйтэй.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312267:NO

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай конвенц, 1976 (№ 144)

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих үндэсний зөвлөлдөх хороог Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолын дагуу анх байгуулсан. 2016 оноос ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг дэмжих гурван талт дэд хороог Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны дэргэд байгуулан ажиллуулж байна.

ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг дэмжих гурван талт дэд хороо дараах асуудлаар зөвлөлдөх үүрэгтэй. Үүнд:

  • Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын хэлэлцэх асуудлын талаарх санал асуулгад засгийн газруудын өгсөн хариу болон Бага хурлаар хэлэлцэхээр санал болгож буй эх бичвэрүүдэд засгийн газруудаас гаргах тайлбар;
  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйлд заасан конвенц, зөвлөмжүүдэд оруулахтай холбогдуулан эрх бүхий байгууллага буюу эрх бүхий байгууллагуудад өгөх санал;
  • соёрхон батлаагүй буюу үйлчилж эхлээгүй байгаа конвенц, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, зохих үед соёрхон батлахыг дэмжих арга хэмжээг тодорхойлох зорилгоор, эдгээр конвенц, зөвлөмжийг тодорхой хугацааны дараа дахин хянаж үзэх асуудал;
  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн дагуу Олон улсын хөдөлмөрийн товчоонд тавих тайлантай холбогдох асуудал;
  • соёрхон баталсан конвенцуудыг цуцлах тухай санал.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312289:NO

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай конвенц, 1983 (№ 159)

Энэхүү Конвенцын дагуу манай улс мэргэжлийн нөхөн сэргээлтийн зорилгыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохирсон ажлаар хангагдах, ажлын байраа хадгалах, ахиж дэвших боломж олгож, улмаар тэднийг нийгмийн амьдралд оруулах буюу эргэн оруулахад оршино гэж үзнэ.

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн талаар өөрийн нөхцөл, дадал, бололцоонд тохирсон үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж үе үе хянан үзэх үүрэг хүлээсэн.

Энэхүү бодлого нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнийг зохих ёсны мэргэжлийн нөхөн сэргээх арга хэмжээнд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөрийн нээлттэй зах зээлээс ажил олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.

Ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 144.1, 144.2 дахь хэсэгт заасны дагуу бий болгож ажиллуулах үүрэгтэй.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312304:NO

Ажилчдын төлөөлөгчдийн тухай конвенц, 1971 (№ 135)

Үйлдвэрийн газар дахь ажилчдын төлөөлөгчдийн үйл ажиллагаа дагаж мөрдөж буй хууль тогтоомж, хамтын гэрээ эсхүл хамтран тохиролцоонд хүрсэн бусад нөхцөлд хамтын хэлцэлд нийцсэн бол тэдгээрийг ажилчдын төлөөлөгчид, эсхүл ажилчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулсан, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажлаас халах мэтээр хохироох үйлдлээс үр нөлөөтэй хамгаалах ёстой.

Ажил олгогч нь үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчид ажил үүргээ шуурхай, үр ашигтай гүйцэтгэх бололцоогоор хангана. Гэхдээ ийм бололцоо олгох нь тухайн үйлдвэрийн газрын үр ашигтай үйл ажиллагаанд саад болох ёсгүй.

Энэ конвенцод хэрэглэсэн “ажилчдын төлөөлөгчид” гэсэн нэр томьёо нь үндэсний хууль тогтоомж буюу дадал болон хүлээн зөвшөөрөгдсөн дараах хүмүүст хамаарна:

  • Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайлбал үйлдвэрчний эвлэл буюу түүний гишүүдээс сонгогдсон буюу томилогдсон төлөөлөгчид, эсхүл;
  • сонгогдсон төлөөлөгчид, тухайлбал, үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээний заалтын дагуу ажилчдаас чөлөөтэй сонгогдсон, тухайн улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тусгайлан олгогдсон чиг үүрэгт хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулах төлөөлөгчид байна.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312280:NO

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай конвенц, 1948 (№ 88)

Энэхүү конвенцын дагуу Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангах үүрэг хүлээсэн.

Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний үндсэн үүрэг нь хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийг байж болох хамгийн оновчтой хэмжээнд, хэрэв шаардлагатай бол сонирхогч төрийн бус болон хувийн байгууллагатай хамтран, бүрэн хөдөлмөр эрхлэлтийг хангах, тогтоон барих, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, ашиглах үндэсний хөтөлбөрийн салшгүй хэсэг байдлаар зохион байгуулах явдал мөн.

Ажил олгогчид болон хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллага хоорондын харилцааг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар зохицуулсан (https://legalinfo.mn/mn/detail?lawId=563 ).

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312233:NO

Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай конвенц, 1997 (№ 88)

Энэхүү конвенцод хэрэглэсэн “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага” гэдэгт хөдөлмөрийн зах зээлийн дараах үйлчилгээнээс нэгийг эсхүл хэд хэдийг нь үзүүлж байгаа, төрийн байгууллагаас хараат бус, аливаа хувь хүн, эсхүл хуулийн этгээдийг ойлгоно. Үүнд:

  • ажил хайгчийг ажилд зуучлах үйлчилгээ;
  • ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ;
  • ажил хайгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зэрэг бусад үйлчилгээ.

Манай улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хувийн биржүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн 76-77 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ эрхэлдэг компаниуд тус тус үйл ажиллагаа явуулдаг. 

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312326:NO

Газар дор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай конвенц, 1965 (123)

Энэхүү Конвенцод хэрэглэсэн “Уурхай” гэсэн нэр томьёо нь газар доорх ажилд хүмүүсийн биеийн хүчийг ашиглаж, техник, хэрэгслийн тусламжтайгаар газрын гүнээс ямар нэг ашигт малтмал олборлодог улсын болон хувийн аливаа үйлдвэрийн газрыг хэлнэ.

Газар дор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай энэхүү конвенцын заалтууд нь ил уурхайн газрын гүнд ажилд авах ба ажиллуулахад нэгэн адил хамаарна.

Манай улсад насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад уул уурхайг хамруулсан тул газар дор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаар нь 18 нас байна.

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312268:NO

Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенц, 1995 (№ 176)

Энэхүү конвенцод хэрэглэсэн “Уурхай” гэсэн нэр томьёог доорх утгаар ойлгоно:

а. Газрын гадаргуу болон газар доор явагддаг дараах төрлийн үйл ажиллагаа. тухайлбал,

  1. Гадаргууг механик аргаар хөндөн газрын тос, байгалийн хийнээс бусад ашигт малтмалын хайгуул хийх;
  2. Газрын тос, байгалийн хийнээс бусад ашигт малтмал олборлох;
  • Олборлосон бүтээгдэхүүнийг бэлтгэх, үүний дотор бутлах, нунтаглах, баяжуулах, угаах.

б. Өмнөх а)-д дурдсан ажиллагаанд хэрэглэгдэж байгаа бүх машин техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, үйлдвэр, барилга, инженерийн байгууламж.

Энэхүү Конвенцын хүрээнд “Ажил олгогч” гэж уурхайд нэг буюу түүнээс дээш ажилтан хөлслөн ажиллуулдаг аливаа бие хүн буюу хуулийн этгээд, шаардлагатай бол оператор, үндсэн гэрээлэгч, гэрээлэгч, туслан гэрээлэгчийг ойлгоно.

Уул уурхайн салбарын аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд дараах хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (https://legalinfo.mn/mn/detail?lawId=564);
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр (https://mlsp.gov.mn/uploads/files/HABET_hutulbur_2021-2025.pdf );
  • Ил уурхайн аюулгүй байдлын нэгдсэн дүрэм /2003/
  • Хүдрийн далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм /2015/
  • Тэсэлгээний аюулгүй ажиллагааны дүрэм /2006/
  • Нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм/1983/
  • Ашигт малтмалыг баяжуулах, ялгах бутлах ба хүдэр, баяжмалыг бөөнцөглөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм /1987/
  • Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм /2017/

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312321:NO

Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенц, 1988 (№ 167)

Энэхүү конвенц нь барилгын инженер, барилга угсралт, буулгалт, түүнчлэн барилгын талбай дахь бүх үйл явц, үйл ажиллагаа, тээвэрлэлт болон талбай дахь бэлтгэл ажлаас төсөл дуусах хүртэлх барилгын бүхий л үйл явцад хэрэглэгдэнэ.

Конвенцыг үндэсний хууль тогтоомж, эсхүл журамд тусгасан хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн хэрэглэнэ.

Барилгын салбарт дараах хууль тогтоомж, журмыг батлан мөрдөж байна. Үүнд:

  • “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм”, 2022 он

https://mcis.gov.mn/storage/uploads/process/202208/file_1659437356616970_161611878330710.pdf

  • “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”

(Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11-р сарын 30-ны 195 дугаар тушаалын хавсралт)

https://mcis.gov.mn/storage/uploads/process/202303/file_1678844235177959_162126263699813.pdf

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO:12100:P12100_INSTRUMENT_ID:312312:NO

Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц, 2014, 2016, 2018, 2022 оны нэмэлтүүд

Энэхүү конвенцыг Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 14 дүгээр чуулганаар 2006 онд баталжээ. Шинэ конвенцид 37 төрлийн конвенц, холбогдох зөвлөмжийг нэгтгэсэн байна. Үүнтэй холбогдуулан уг баримт бичигт дэлхийн далайн хөдөлмөр эрхлэгчдийн зохистой хөдөлмөрийг бий болгох, тухайлбал, тэдний амьдрах, хөдөлмөрлөх нөхцөл, хөдөлмөрэрхлэх хамгийн бага нас, хөдөлмөрийн гэрээ, ажил амралтын цаг, цалин хөлс, амралтын мөнгө, эх оронд нь цалинтай буцаах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон хувийн хэвшлийн ажил олголт, ажилд зуучлах үйлчилгээ, орон сууц, хоол хүнс, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, далайчны санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг тусгажээ.

Монгол Улс 1999 онд далай ашиглах тухай хуулийг анх баталж, 2022 онд шинэчлэн найруулсан. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Далай ашиглах тухай хуулийг дараах линкээр орж үзнэ үү.

Монгол хэл дээр:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530753168561

Англи хэл дээр:

https://monmarad.gov.mn/pg/ContentAttach/727_Maritime%20Law%20of%20Mongolia%20ENG.pdf     

Энэхүү конвенцын эх бичвэрийг дараах хаягаар орж үзнэ үү:

https://normlex.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:92:0

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл  та дараах и-мэйл хаяг (monef@monef.mn) болон утасны дугаараар (+976 11-314579) бидэнтэй холбогдоорой.

Манай вэбсайтыг илүү сайжруулах санал болон өөр сонирхсон асуудал байвал дээрх утас болон мэйлээр бидэнд илгээнэ үү.

КОВИД-19 болон хөдөлмөрийн орчин дах шинэ нөхцөл байдал

КОВИД-19 цар тахлын урьд хожид байгаагүй их хор хохирол үр дагаврыг дэлхий даяараа амссан. Түүний дотор хөдөлмөрийн орчинд хүнд сорилтууд тулгарсан. 

Нийгмийн эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй нийгэм, эдийн засгийг хямралд оруулж,Монголын төдийгүй дэлхийн сая сая хүний ​​ амьдрал  ахуй, сайн сайхан байдлыг урт хугацаагаар туйлдуулж байна. Цар тахал нь хөдөлмөрийн зах зээл, эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд, тэр дундаа олон улсын болон улс орны ханган нийлүүлэлтийн сүлжээг хамарч, бизнесийн үйл ажиллагааг гацаах зогсооход хүргэсэн.

Монгол орны нийгмийн түншүүд болох- Засгийн газар, ажилчид, ажил олгогчид- хамтран цар тахлын эсрэг ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, аж ахуйн нэгж, ажлын байрны тогтвортой байдлыг хангах талаар тууштай ажиллаж байна.

КОВИД-19 цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэрэгтэй мэдээллийг дараах холбоосуудаар орж авна уу.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан “КОВИД-19”-ийн цар тахлын эсрэг Бодлогын хариу арга хэмжээ авах цуврал сургалтын дүрс бичлэг:

Бичлэг 1: КОВИД-19  цар тахлын онцгой нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх.

Бичлэг 2: КОВИД-19 цар тахлын үед хүмүүсийн орлого, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх талаар авах арга хэмжээнүүд

Бичлэг 3: КОВИД-19 цар тахлын онцгой нөхцөлд улсаас олгож буй тэтгэмжийн талаар

Бичлэг 4: (COVID-19) цар тахлын үед жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага

Бичлэг 5: COVID-19 цар тахлын үед хувийн хэвшлийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх

Манай вебсайтыг илүү сайжруулах санал болон өөр сонирхсон асуудал байвал Та үнэтэй санаа оноо, санал хүсэлтээ бидэнд дараах хаягаар илгээнэ үү: monef@magicnet.mn