Монгол Улсад хувийн хэвшил дахин сэргэсний түүхт 35 жилийн ойн мэндийг нийт бизнес эрхлэгчид, ажил олгогчид, эздэд хүргэе!

Өөрчлөн байгуулалт, ил тод байдал хэмээн ярьж эхэлсэн үед Монгол Улсад хувийн хэвшил байх эсэх асуудлыг Сайд нарын зөвлөл авч хэлэлцжээ. Олонх гишүүд нь хувийн үйлдвэр, пүүс байгуулахыг Үндсэн хуульд харш, бүр гэмт хэрэг гэж үзэн дэмжсэнгүй.

Гэвч энэ үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга К.Зардыхан маш зоригтой, өөрийнх нь хувьд эрсдэл дагуулах шийдвэр гаргасан байна. Тэрээр:

“Засгийн газар буруудсанаас Зардыхан буруудсан нь дээр. Энэ тогтоолын төсөл дэмжигдээгүй тул аймаг, хотын гүйцэтгэх захиргааны дарга нарт хувийн үйлдвэр, пүүс байгуулахыг дэмжихийг миний гарын үсэгтэй захидлаар мэдэгд” хэмээсэн нь Монгол Улсад хувийн хэвшил дахин сэргэж хөгжих түүхэн эхлэлийг тавьжээ.

Улмаар, хувийн хэвшлийн асуудлыг ямар байгууллага хариуцах вэ гэдэг нь яаралтай шийдвэрлэх асуудал болов. Ийнхүү тухайн үеийн пүүс, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуйн 35 эзэн нэгдэж, 1990 онд “Монголын хувийн үйлдвэрийн эздийн холбоо”-г байгуулсан нь хувийн хэвшлийг төрийн өмнөөс нэгтгэн зохион байгуулах анхны алхам болсон юм.

Тус холбоо нь гадаад паспорт олгох, зээлийн батлан даалт гаргах, эздийг гадаад дотоодод сургаж чадавхжуулах, хүний нөөц бүрдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулснаар Монголын эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Ингэснээр өдгөө 35 жилийг ардаа үджээ.

Хожим, 1996 онд Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын (ILO) гурван талт зарчмыг өөрийн орны жишигт нэвтрүүлж, Олон Улсын Ажил олгогчдын байгууллагад гишүүнээр элссэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн нэр томъёонд нийцүүлэн холбоо өөрийн нэрээ “Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо” болгон өөрчилсөн түүхтэй.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо – 35 жил

Leave a Reply