МЭДЭГДЭЛ

(Аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн хүндрэл, үүсээд буй эрсдэлийн талаар)

Тус Холбооны гишүүн ажил олгогч, эзэд, мэргэжлийн салбар холбоод, орон нутгийн салбар холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, компаниудаас гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн хэдий ч улсын төсвөөс авах ёстой санхүүжилтээ авч чадахгүй байгаа, улмаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн өр үүсэж, банкны харилцах данс хаагдан мөнгөн хөрөнгийн урсгал зогсож, бизнесийн тасралтгүй үйл ажиллагаа явуулахад ноцтой хүндрэл учирч байгаа талаар гомдол, санал ихээр ирж байна.

Энэхүү нөхцөл байдал нь аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хөдөлмөр эрхлэлт буурах, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгаалал алдагдах, цаашлаад улсын төсвийн орлого тасалдах, өр төлбөрийн сүлжээ бий болох эрсдэлийг дагуулж байна.

Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагууд олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлт, зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, Монгол Улс төдийгүй дэлхийн эдийн засагт цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй байгааг урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүйгээс гадна үүссэн нөхцөл байдлыг улс төрийн зорилгоор ашиглах, төрийн сангийн зардлын гүйлгээг хэдэн сараар зогсоож, санхүүжилтийг саатуулах зэрэг зохисгүй үйлдлүүд гарч байна.

Эдгээр хүчин зүйлсээс улбаалан 2026 онд нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх бодит эрсдэл бий болсон тул бодитой, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж, дүгнэлт боловсруулах зорилгоор Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах мэдээллийг эдийн засгийн ангилал болон нутаг дэвсгэрийн харьяаллаар тус тус гаргаж ирүүлэхийг албан ёсоор уламжилсан болно. Үүнд:

  • Улсын төсвөөс авлагатай аж ахуйн нэгж, байгууллагын тоо, авлагын хэмжээ;
  • Татвар, нийгмийн даатгалын байгууллагад өртэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо;
  • Хуримтлагдсан өр, үүссэн торгууль, алдангийн хэмжээ;
  • Банкны харилцах данс нь хаагдсан аж ахуйн нэгж, байгууллагын тоо;

Дээрх байгууллагуудаас албан ёсны хариу ирүүлсний дараа бодит нөхцөл байдал, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, татвар болон нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинд яаралтай өөрчлөлт оруулах, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг аж ахуйн нэгжүүдэд цаг алдалгүй хүргэх, нийгмийн хэлэлцээрийн арга хэрэгслийг ашиглан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан шийдлүүдийг хуулийн хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлэх болно.

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
2025 оны 12 дугаар сарын 19
Улаанбаатар хот

Leave a Reply