Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тус холбооны 21 аймаг болон нийслэлийн зарим дүүргүүдийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүнүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалтын үеэр МАОЭНХ, түүний аймаг орон нутгийн холбоод Монгол улсын засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлж, уг хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхэд орон нутгийн эздийн холбооны гишүүдийн бизнес эрхэлж буй туршлагаас хуваалцах, шинээр байгуулсан хоршоодод зөвлөн туслах ажлыг зохион байгуулах талаарх өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.
Мөн 21 аймгийн АОЭХ-ны удирдлагууд аймаг орон нутагтаа Шинэ хоршоо хөдөлгөөнийг дэмжих талаарх үйл ажиллагааны тухай мэдээллийг гишүүн байгууллага, ажил олгогчдоороо дамжуулан түгээх, орон нутгийн түвшний 3 талт хэлэлцээрт “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжих асуудлаар нэмэлт заалт оруулж ажиллах замаар үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, мөн тэд хоршоо байгуулж буй баг, сумдаар зөвлөн туслах уулзалт хийх боломж байгаа талаар ЗГХЭГ-ын даргад уламжлав.
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон аймаг, дүүргийн ажил олгогч эздийн холбооны тэргүүнүүд “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулж мал аж ахуйн салбарыг бизнес эрхлэх шинэ хэлбэрт шилжүүлэх боломжийг банк, санхүү, зээл, зохион байгуулалтын талаар иж бүрэн бодож төлөвлөсөн үндэсний цогц хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж байгаад Засгийн газарт талархал илэрхийлэв.
Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажил олгогч эздийн байгууллага “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжих санаачилга гаргасанд талархал илэрхийлж боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллах санаачилгыг дэмжихээ илэрхийлэв. Мөн энэ асуудлаар Засгийн газарт шинээр байгуулагдсан “Шинэ хоршоо” хөдөлгөөний асуудал хариуцсан хурдасгуур төвтэй хамтрах, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг зөвлөв.