Олон Улсын Хөдөлмөрийн стандарт (ОУХС) нь ОУХБ-ын бүрэлдэхүүний (засгийн газар, ажил олгогчид, ажилчид) гаргасан хөдөлмөрийн үндсэн зарчим, эрхийг тодорхойлсон хууль эрх зүйн баримт бичиг юм. Эдгээр нь ОУХБ-ын гишүүн орнууд соёрхон баталж болох хууль ёсны хүчинтэй олон улсын гэрээ конвенц эсвэл заавал дагаж мөрдөх үүрэг хүлээдэггүй зөвлөмжүүд юм. Ихэнх тохиолдолд конвенцид нэгдэн орсон улс орнуудын дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг тусгасан байдаг бол харин холбогдох зөвлөмж нь бие даасан байж болдог (ямар ч конвенцид хамааралгүй).
ОУХС-ууд нь Олон Улсын Хөдөлмөрийн Бага Хурлаар (ОУХБХ) батлагддаг бөгөөд гишүүн улсууд, эрх бүхий байгууллага (ихэвчлэн Засгийн газар)-д өргөн мэдүүлэх ёстой. Конвенцийн хувьд энэ нь соёрхон батлах тухай авч үзнэ гэсэн үг. Соёрхон баталсан орнууд конвенцийг үндэсний хууль тогтоомж, үйл ажиллагаандаа мөрдөх, түүний хэрэгжилтийг ОУХБ-ын байнгын хяналтын системд тогтмол хугацаанд тайлагнах үүрэг хүлээдэг. Нэгэнт соёрхон баталсан конвенцийг зөрчсөн улс орнуудын эсрэг мэдүүлэг ба санал гомдол илэрхийлэх журам гаргаж болно.
2018 оны 6-р сарын сүүлчийн байдлаар ОУХБ нь нийт 189 конвенц, 205 зөвлөмж, хөдөлмөр эрхлэх явцад тулгарч болох өргөн хүрээг хамарсан 6 протокол баталлаа. ОУХС-ийн хүрээнд хүний үндсэн эрх, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, цалин хөлс, ажлын цаг, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, мэргэжлийн чиг баримжаа олгох, сургах, ур чадвар хөгжүүлэх, тодорхой ангиллын ажилчид, хөдөлмөрийн удирдлага, хяналт, эхийн хамгаалал, нийгмийн хамгаалал, уугуул иргэд мөн овгийн хүмүүс, цагаач ажилчдыг оруулдаг болно.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Удирдах Зөвлөл нь хөдөлмөрийн үндсэн зарчим, хөдөлмөр эрхлэх эрхийн асуудлыг хамарсан дараах 8 конвенцийг “Суурь” гэж тодорхойлсон: Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба Зохион байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц, 1948 (No 87); Зохион байгуулах эрх болон хамтын хэлэлцээрийн тухай конвенц, 1949 (No 98); Албадан хөдөлмөрийн конвенц, 1930 (No 29); Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (No 105); Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (No 138); Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай конвенц, 1999 (No182); Тэгш цалин хөлсний тухай конвенц, 1951 (No 100); болон Ялгаварлахгүй байх (Ажил эрхлэлт болон ажил, мэргэжил) конвенц, 1958 (No 111).
Эдгээр конвенцийн үндсэн зарчмуудыг ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээний үндсэн зарчим ба эрхийн тухай тунхаглалд (1998) тусгасан байдаг. 1995 онд ОУХБ нь эдгээр найман суурь конвенцийг бүх нийтээр соёрхон батлах кампанит ажлыг эхлүүлсэн байдаг.
ОУХС-ууд бизнес эрхлэхтэй яагаад хамааралтай байдаг вэ?
ОУХС-ууд нь улс орон бүрийн засгийн газарт хамааралтай байдаг ч дараах замаар бизнесүүдтэй мөн хамааралтай байдаг.
ОУХС-ууд нь үндэсний хууль тогтоомжийн хүрээнд бизнест нөлөөлдөг.
Аливаа улс конвенцийг соёрхон батлах үед тухайн конвенц нь тодорхой асуудлаар үндэсний хууль тогтоомж болон хэвшмэл практик ажиллагаанд хэрхэн нийцэж байгаа эсэхийг тодорхойлно. Хэрэв одоо мөрдөж буй үндэсний хууль тогтоомж юмуу практик үйл ажиллагаа нь конвенцид нийцэхгүй бол хөдөлмөрийн шинэ хууль гаргах, одоо мөрдөгдөж буй хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл хэрэгжүүлэх шинэ журам гаргахад хүргэж болно. Үүнтэй холбоотойгоор бизнесийн хэвшмэл уламжлалт арга хэлбэр өөрчлөгдөхөд хүрч болох бөгөөд мөн захиргааны томоохон өөрчлөлт хийх болон их хэмжээний зардал гарах болно.
ОУХС нь үндэсний хууль тогтоомжоор зохицуулагдаагүй байсан ч хамтын гэрээний агуулга үзэл санаа нь тэдгээрээс үүдэлтэй байж болно.
ОУХС-ууд нь үндэсний хууль тогтоомж юмуу хамтын гэрээнд тусгагдаагүй бизнес явуулах үлй ажиллагааны удирдамжийн холбогдох эх сурвалж болж чадна. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг олон компани ёс зүйн дүрэм болон бусад хариуцлагатай бизнес эрхлэх санаачилга боловсруулах явцдаа ОУХС-ууд буюу 1998 оны ОУХБ-ын тунхаглалыг мөрдлөг болгосоор ирсэн.
НҮБ-ын олон улсын чанартай гэрээ хэлцэл зэрэг сайн дурын бизнесийн оролцоог хангах олон улсын үүсгэл санаачилгууд нь хөдөлмөрийн зарчмууддаа эдгээр эх сурвалжийг үндэс болгодог бөгөөд ийм томоохон гэрээ хэлцлийн оролцогч талууд өөрсдийн бизнесийн бодлого стратеги болон өдөр тутмын үйл ажиллагаандаа тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг.
Дэлхийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоод (GUFs) болон үндэстэн дамнасан үйлдвэрийн газруудын хооронд байгуулсан Олон улсын суурь хэлэлцээрүүд (IFAs) нь ихэвчлэн ОУХБ-ын суурь конвенцуудын тодорхой ишлэлүүдийг авч ашигладаг байна.
Дээр дурдсанаар ажил олгогчид нь ОУХБ-д болон үндэсний хэмжээнд ОУХС-ыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах болон, газарзүйн өөр өөр бүсэд үйл ажиллагаа явуулж буй том бага гэхгүй бүхий л аж ахуйн нэгжүүд, эдийн засгийн салбар, нийгмийн хүрээний эрэлт хэрэгцээ зэрэг бизнесийн хэтийн төлөв байдлыг зохих ёсоор харгалзан үзэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Засгийн газар, ажилчид болон ажил олгогч талууд ОУХС-уудийн хэрэгжилтийг тэнцвэртэй, бодитой, утга учиртай болгох үүрэгтэй.
(Эх үүсвэр: IOE вебсайт https://www.ioe-emp.org/)
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:
- Олон улсын хөдөлмөрийн стандарт болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (Англи хэл) , ilo.org;
- Тоглоомын дүрэм: Олон улсын хөдөлмөрийн стандартуудын танилцуулга (Зуун жилийн ойны хэвлэл 2019) Англи хэл дээрх, Монгол хэл хэл дээрх
- Монгол улсын соёрхон баталсан конвенцууд, (Англи хэл) https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:11200:0::NO::P11200_COUNTRY_ID:103142
- Монгол улсын соёрхон баталсан конвенцуудад өгсөн зөвлөмж (Англи хэл) https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:14000:0::NO:14000:P14000_COUNTRY_ID:103142
Манай вебсайтыг илүү сайжруулах болон өөр сонирхсон асуудал байвал та үнэтэй санаа оноо, санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү. monef@monef.mn