МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Их Хурал,  Засгийн газарт

МЭДЭГДЭЛ

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Тэр цагаас хойш гадаад худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсэн. Импортын татварын тухайд цөөн нэр төрлийн барааг эс тооцвол таван  хувийн татвартай байдаг.  Монгол Улсаас тавьж байгаа чанар, стандартын шаардлага хангасан   бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх нь чөлөөтэй бөгөөд бид хориглох боломжгүй, манай зах зээл бүрэн нээлттэй болсон.

Монгол Улсын Засгийн газраас Евроазийн эдийн засгийн холбоотой   гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд хэлэлцээр байгуулагдсанаар… Монгол Улсаас Евроазийн эдийн засгийн холбооны тэрбум орчим ам.долларын зах зээл рүү мах махан бүтээгдэхүүний 29 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, мөн ойролцоогоор 7 тэрбум орчим ам.долларын зах зээл рүү 60 нэр төрлийн арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын зах зээл рүү 204 нэр төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломжийг бизнес эрхлэгчдэд нээж өгнө. Ажлын байр нэмэгдэнэ.. хэмээн тус яамнаас мэдэгдэж байна.   

 Бид 2016 онд Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улсын Япон улс руу хийсэн экспорт 15 сая ам доллароос 18 сая ам доллар,  харин Япон улсаас хийсэн импорт 300 сая ам доллароос 600 сая ам доллар хүрч өсжээ. Мөн энэ хугацаанд Япон улс, АНУ-тай ижил төрлийн гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү гэрээ хэрэгжсэнээр Япон улс АНУ-ын хөдөө аж ахуйн гаралтай 7 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүний татварыг бууруулах буюу татвар авахгүй байгаа. АНУ-ын хямд бүтээгдэхүүнийг импортолсноос болж, Японы тариачид зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байна.

            Монгол улс Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулснаар ОХУ болон бусад гишүүн орнуудаас бидний таньж мэддэг бараа бүтээгдэхүүн хямд үнэтэй орж ирэх нь гарцаагүй.

Гэтэл үүний нөгөө тал болсон Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын  санаачилсан Хүнсний хувьсгал, Цагаан алт болон бусад хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд дөнгөж өндийж байгаа үндэсний жижиг дунд үйлдвэрүүд үүдээ барина. Ажлын байр нэмэгдэх биш харин ч эсрэгээрээ олон мянган хүн ажилгүй болох магадлалтай байна.

         Мөн түүнчлэн олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь эдийн засгийн аюулгүй байдал, гуравдагч орнуудаас орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Монгол Улсын геополитикийн нөхцөл байдалд ч эрсдэл дагуулахаар байна.

         Энэ бүхнээс харахад Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой зайлшгүй гэрээ байгуулах шаардлага өнөөгийн байдлаар алга байгааг харгалзан үзэж уг хэлэлцээрийг зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах нь зүйтэйг үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООМЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ

2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Leave a Reply