МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ НЬ
Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах чиглэлээр хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ХХОАТ-ын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болоод байна.
Эдгээр өөрчлөлтийн хүрээнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь гишүүн болон гишүүн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, байр суурийг нэгтгэн, дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:
1. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж санд үүсэх дарамтыг ХХОАТ-ын орлогоос шилжүүлэн тооцох
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг бууруулахын оронд, ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) тодорхой хувийг (хамгийн багадаа 5 хувийг) бууруулж нийгмийн даатгалын санд үүсэх дарамтыг ХХОАТ-аас бүрдэж буй төсвийн орлогоос шилжүүлэн авч шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ аргачлал нь:
- Нийгмийн даатгалын сангийн орлогыг хэвийн байлгах,
- Сангийн бааз суурийг тэлэх,
- Ажил олгогчдын НДШ-ийн ачааллыг бууруулах замаар бизнес эрхлэх нөхцөлд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.
2. Урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх
Цаашид ажил олгогчийн төлдөг НДШ-ийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ:
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, энэ сангаас НДШ-ийн тодорхой хувийг шилжүүлэн тооцдог тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.
Ингэснээр:
- Урт хугацаанд бизнесийн тогтвортой, эерэг орчин бүрдэх,
- Нийгмийн даатгалын сангийн орлогын тогтвортой байдал хангагдах зэрэг олон талын үр нөлөөтэй гэж үзэж байна.
Монголын ажил олгогч, бизнес эрхлэгчдийн энэхүү санал, байр суурийг Улсын Их Хурал болон Засгийн газар судлан үзэж, цаашид хууль, бодлогын шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо