ТАЛАРХАЛ
Дэлхий дахинд хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн (Covid-19) халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай олон талт арга хэмжээнүүдийг удаа дараалан оновчтой авч хэрэгжүүлсээр байгаа билээ.
Коронавирусийн (Covid-19) халдвар, тархалтын нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, олон хүндрэлүүдийг бий болгох эрсдэл үүсгэж болзошгүй байна. Монгол Улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж Монгол Улсын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ээлжит хуралдаанаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж дараах шийдвэрүүдийг гаргасанд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гишүүн байгууллагууд болон дэмжигчдийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
1. “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д:
а. Ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөх;
б. Хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоох;
в. Хэрэглээний зээлд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тогтоосон чанарын ангиллыг тушаал мөрдөгдөх хугацаанд хэвээр мөрдөх;
2. “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д:
а. Өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх;
б. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 20 хувиар тогтоох;
3. Дээрх зохицуулалтын хугацаа дуусах үед дээрх журмуудыг ердийн зохицуулалтын дагуу мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Эдгээр зохицуулалт нь Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү арга хэмжээг авснаар зээлийг эргэн төлөх үүрэг алга болохгүй бөгөөд зээлдэгчдээс үнэхээр хүндрэл гарсан бол зээлдүүлэгч банктайгаа холбогдон зээлийн үйлчилгээний төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой.
Иймд, цаашид хэт их зээлийн өрийн дарамтыг үүсгэхгүйн тулд зээлээ өөрийн боломжит хэмжээгээр эргэн төлж байх нь илүү үр дүнтэй болохыг зээлдэгчид ойлгож, санхүүгээ зохицуулах нь зүйтэй гэж Монгол банкнаас зөвлөж байна.
Улсын хэмжээнд 419.000 зээлдэгч 18 их наяд төгрөгийн зээлтэйгээс 70-аас дээш хувийг хэрэглээний зээл эзэлж байгаа аж.
Эх сургалж: Энд дарж үзнэ үү.