ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ
2007-2008 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улсын Засгийн газар, Ажил олгогч эздийн болон Үйлдвэрчний эвлэлийн улсын хэмжээний байгууллагуудын бүрэн эрхт төлөөлөгчид Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн арван ес дэх хэсгийг үндэслэн улсын хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны улсын хэлэлцээрийг байгуулав.
Нэгдүгээр бүлэг. Хөдөлмөрийн харилцааны бодлогын асуудлууд
- Албан татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, нэмэлт албан татвар, төлбөр бий болгохгүй байх бодлого баримтална.
- Эдийн засаг, нийгмийн асуудлыг хөндөж буй дараах хуулиудыг боловсруулж гаргахад нийгмийн түншүүдийн саналыг авч тусгана:
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга;
- Гаалийн тухай;
- Гаалийн тарифын тухай;
- Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай;
- Жижиг, дунд үйлдвэрийн тухай;
-Хоршооны тухай;
- Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай;
- Ашигт малтмал үйлдвэрлэлийн бус аргаар олборлох тухай;
- Мэргэжлийн боловсролын тухай хууль;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай;
- Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай;
- Хөдөлмөрийн тухай.
- Улсын хэмжээнд шинээр бий болсон ажил, мэргэжил, албан тушаал болон олон улсын ангиллуудыг үндэслэн мэргэжил, албан тушаалын ангиллыг шинэчлэн гаргана.
- Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинэчлэн, гурван талын хяналтын тогтолцоог бий болгоно.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааран хувьсан өөрчлөгдөж буй ажлын байрны төлбөр, торгууль, бусад төлбөрийг тогтмол хэмжээгээр тогтоох талаар асуудал боловсруулна.
- Засгийн газрын “Арьс шир” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хоёрдугаар үе шатны төлөвлөгөөний дагуу “Арьс ширний салбарын тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 2008 онд боловсруулж хэрэгжүүлнэ.
- “40000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах талаар мэргэжил, үйлдвэрлэлийн болон аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоодтой хамтран ажиллана. Энэ талаар нийгмийн зөвшлийн талуудын бие даасан Хяналтын зөвлөл байгуулж ажиллуулна.
- Орон сууцны зээлийн хүүг нэмэгдүүлэхгүйгээр иргэд урт хугацаанд зээлээ эргэн төлдөг байх нөхцөлийг бүрдүүлсэн урт хугацааны орон сууцны зээлийн тогтолцоо бий болгоно.
- Компаниуд ажиллагчиддаа өөрийн хувьцааныхаа тодорхой хэсгийг эзэмшүүлэх төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, ийм хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагуудын туршлагыг сурталчлан, сургалт явуулна.
- Компанийн засаглалыг хөгжүүлэх талаар Үндэсний хөтөлбөрийг боловсруулан гаргана.
Хоёрдугаар бүлэг. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа эрүүл ахуйн асуудлууд
- “Их бүтээн байгуулалт-Ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын шинэ байр бий болгох, ажлын байрыг бий болгохдоо “Зохист хөдөлмөр”-ийн шаардлага хангах зарчим баримтлахад гурван тал анхаарна.
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд, төслүүдийг ашиглахтай холбогдон нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Үндэсний гурван талт хороогоор хэлэлцүүлж зөвшилцсөний үндсэн дээр гэрээнд саналаа боловсруулан оруулах, холбогдох гэрээнд монгол ажилтнуудыг шаардлагын хэмжээнд сургаж бэлтгэн зохих түвшинд ажиллуулах, ажилтнуудын сарын цалинг олон улсын түвшинд тогтоох зэрэг асуудлыг тусгана. Батлагдсан гэрээний хэрэгжилтэнд гурван талт бүтцээр хяналт тавина.
- Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас гаргасан зөвлөмж, чиглэлийн дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн шинэ системийг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлнэ.
- Гадаадад ажиллаж байгаа залуучууд эх орондоо эргэж ирээд үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломж, эрэлт хэрэгцээг судлан төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх арга механизмыг боловсруулж хэрэглэнэ.
- Гадаадад ажиллах хүч гаргах төрийн бодлогод өөрчлөлт оруулж, үндэсний мэргэжилтэн, ажиллах хүч бэлтгэх ажлыг өргөжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үндсэн дээр гадаадад ажиллах хүч гаргахыг бууруулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.
- Гадаадаас ажиллах хүч оруулах бодлогыг талууд хамтран боловсруулна.
- “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь ажлын байрны асуудал мөн” Үндэсний тунхагийг талууд хамтран гаргана.
- Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг үйлдвэрлэл дээрх сургалттай хосолсон тогтолцоо болгон хөгжүүлнэ. Мэргэжлийн боловсрол сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.
- Мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн боловсронгуй болгох, Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харъяалуулан чиг үүргийг тодорхой болгох талаар гурван талт хамтран санал боловсруулж шийдвэрлүүлнэ.
- Ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, магадлан итгэмжлэх, мэргэжлийн зэрэг олгох асуудлыг гурван талаас хамтран шийдвэрлэнэ.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, тус төвийг түшиглэн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн лаборатори байгуулж тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг талууд хамтран шийдвэрлэнэ.
Гуравдугаар бүлэг. Цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлууд
- Төрийн албан хаагчдын цалинг 2008 оны 1-р сарын 1-нээс 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
- Төрийн албан хаагчдын цалингийн өсөлттэй уялдуулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон төрийн өмчийн компаниуд, улсын үйлдвэрийн газрууд ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх асуудлыг хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил тутам шинэчлэн тогтоож байна. 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны саналыг авч тогтооно.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хэрэгжилтэнд гурван тал хамтран хяналт тавина.
- Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, ангиллыг дэд салбар бүрээр шинэчлэн тогтоох санал боловсруулж мөрдүүлнэ.
- Алслагдсан болон хязгаар нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авна.
- Цалин хөлсний асуудлаар зөвлөлдөх гурван талт салбар хорооноос Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэг авах замаар дор дурьдсан сэдвээр түүвэр судалгаа хийнэ.
- Ажиллах хүчний зардал;
- Нэмэгдсэн өртгөөр тооцоолсон хөдөлмөрийн бүтээмж, дундаж
цалингийн өсөлтийн харьцаа;
- Жижиг үйлдвэрүүдийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ.
- Хувийн хэвшлийн цалин хөлс.
- Нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэн тогтооно.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг амьжиргааны өртөг, хэрэглээний үнийн өсөлтийг харгалзан жил бүр нэмэгдүүлнэ.
- Нийгмийн даатгалын суурийг өргөжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулахын тулд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг хүн амын бүлгийг бие даасан, заавал даатгалын шинэ тогтолцоонд хамруулж, түүнчлэн Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд бүрэн хамруулна.
- Нийгмийн даатгалын суурийг өргөжүүлэх арга хэмжээ авах үндсэн дээр даатгуулагчийн төлөх хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, ажил олгогчдын төлөх хувь хэмжээг 5-аас доошгүй пунктээр бууруулна.
- Оёдлын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, энэ салбар дахь ажлын байрыг хадгалах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, бусад хөнгөлөлт үзүүлэх талаар судалж холбогдох байгууллагуудад асуудлыг тавина.
- Төрийн нэгдсэн сангаас нийгмийн даатгалын санг салгаж, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах зорилгоор холимог өмчийн сангийн үзэл баримтлалын дагуу улсын төсвийн тухай, төрийн сангийн тухай, нийгмийн даатгалын тухай багц хуулиудад өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалыг гурван талт удирдлагад шилжүүлэх, тэтгэврийн нэрийн дансанд хөрөнгө хуримтлуулах, түүнийг арвижуулах, нэрийн данс болон өндөр насны нэмэлт даатгалын асуудал эрхэлсэн бүтэц бий болгох, Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг цогц арга хэмжээг талууд хамтран дэс дараатай хэрэгжүүлнэ.
Дөрөвдүгээр бүлэг. Хөдөлмөрийн удирдлага, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал
- Монгол Улсын Засгийн газар аймаг нийслэлийн засаг захиргаанаас иргэдийн хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, төсвийг зарцуулах, гүйцэтгэлийг хэлэлцэхэд хяналт тавихад ажилтаны болон ажил олгогчдын байгууллагын оролцоог хангаж зөвлөлдөнө.
- Улсын болон орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг хэлэлцэхэд ажил олгогч болон ажилчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагын оролцоог хангаж, зөвлөлдөнө.
- Улсын болон орон нутгийн дараа оны төсвийн төслийг боловсруулахаас өмнө тухайн түвшний хамтын хэлэлцээрийг байгуулж байна.
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж зөрчлийг арилгуулах үүрэг бүхий хоёр ба гурван талт хамтарсан бүтцийг нутаг дэвсгэрийн түвшинд байгуулж үр дүнтэй ажиллуулна.
- ”Гадаадын хөрөнгө оруулагчид ба нийгмийн түншлэл” сэдэвт үндэсний уулзалт-ярилцлагыг зохион байгуулна.
- а)Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах гэрээ, конвенциудад нэгдэж орох асуудлыг судална:
- ”Нийгмийн Хамгаалал”- ын 102 дугаар конвенци
- ”Цалин хөлсийг хамгаалах тухай” 95 дугаар конвенци
б) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дараах гэрээ, конвенциудад нэгдэн орох асуудлыг шийдвэрлүүлнэ:
- ”Хөдөлмөрийн эрүүл ахуйн албаны тухай” 161 дүгээр конвенци,
- ”Аж үйлдвэр худалдаан дахь хөдөлмөрийн байцаан шалгах газрын тухай” 81 дүгээр конвенци,
- Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны тухай” 151 дүгээр конвенци,
- ”Эхчүүдийн эрхийг хамгаалах тухай ”183 дугаар конвенци
Тавдугаар бүлэг.Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал
- Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна
- Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөнө.
- Хэлэлцээрийн биелэлтэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон хэлэлцээрт оролцогч талууд хамтран хяналт тавьж ажиллана. Хэлэлцээрийн биелэлтийг хэлэлцээрт оролцсон талуудын төлөөлөгчид дүгнэж нийтэд мэдээлнэ.
- Засгийн газар, Ажил олгогч эзэд болон Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодын удирдлага, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, мөн шинэчлэн зохион байгуулагдах нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид энэхүү хэлэлцээрийг үргэлжлүүлэн мөрдөж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
- Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
- Энэхүү хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй Ажил олгогчдын бусад Үйлдвэрчний эвлэлүүдийн үндэсний хэмжээний холбоод болон бусад төвүүд гурван талт хэлэлцээрт түүний хүчин төгөлдөр байх бүхий л хугацааны туршид нэгдэж орох эрхтэй.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ
Д.ДЭМБЭРЭЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА
Ж.СҮХБААТАР
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ДЭД САЙД
С.ЧИНЗОРИГ
САНГИЙН ДЭД САЙД
Ч.ГАНЗОРИГ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД
С.ТӨМӨР-ОЧИР
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД
А.ОТГОНБОЛД
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Г.БАЯСГАЛАН
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Б.НЯМСҮРЭН
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА
Ц.НАЦАГДОЛГОР
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА
Д.БАЯРСАЙХАН
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООГ ТӨЛӨӨЛЖ:
МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ
С.ГАНБААТАР
МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
М.ГАНАА
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
Х.АМГАЛАНБААТАР
МОНГОЛЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
М.АЛТАНЦЭЦЭГ
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
Б.БАТЧУЛУУН
МОНГОЛЫН ТЭЭВЭР ХОЛБОО, ГАЗРЫН ТОСНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
С.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
Г.ДҮГЭРЭЭ
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
П.ГАНТӨМӨР
МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН АЖИЛЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
С.ГАНБОЛД
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЖИЛТНУУДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА
Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ
АЖИЛ ОЛГОГЧДЫГ ТӨЛӨӨЛЖ:
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АХЛАГЧ
Л.НЯМСАМБУУ
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Х. ГАНБААТАР
МАОЭНХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ”АЛТАН ТАРИА” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
П. ЦЭНГҮҮН
МАОЭНХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ”ОДКОН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ
Л. МӨНХБАТ
МАОЭНХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН, ”ӨЛЗИЙТ ТӨВ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ
Н. ДАШ-ӨЛЗИЙ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР
Б. ТҮМЭНБАЯР
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОРШООЛЛЫН ТӨВ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Ч. АЛТАНГААЯА
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
Д. ГАНБОЛД
ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН
Ж. ЮРА
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Г. ОЮУН
2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр