2021/01/08 |
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Тус хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд үзэл баримтлалыг дэмжсэн бол чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэж дэмжсэн билээ.
Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдсанаас хойш 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг ч шинэчилсэн найруулгаар батлагдаж байгаагүй юм.
Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд ажилтан зайнаас ажиллах, гэрээсээ болон сонгосон байршилд ажиллах, ажлын бүтэн бус цагаар ажиллах гэсэн гэрээний асуудал, мөн иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.