Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт боллоо.

2021/09/27

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв.  Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ.

Мөн  цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид,  хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэв. Түүнчлэн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжсээр ирсэн нийт ард иргэддээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж эрүүл энхийг хүслээ.

Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байгааг тэмдэглэв.

Цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг хэлэв.

Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

“Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна. Үүнийг ажил хэрэг болгоход төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалах, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмыг онцгой анхаарах ёстой” гэв.

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал.

Иймээс ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатайг тэмдэглэв.

Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллахыг уриаллаа.

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын  дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл”-ийн талаар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид  ажлаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, засаж залруулах асуудлын талаар байр сууриа илэрхийлэх юм.

Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргах бөгөөд үүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх чиглэл болголоо.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал хаана нь хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь анхаарч, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр ложистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь, улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байгаагаас тээврийн шаардлага, дүрэм журам өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт гэдгийг бид бүгд харлаа. Дэлхийн эдийн засаг уналттай байгаа ч түүхий эдийн үнэ өсөлттэй байгаагийн дүнд 5.3 хувиар агшсан эдийн засаг аажим сэргэж байна.


"Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Монгол Улсад архидан согтуурах явдал хэтэрч, ажил хийх хүн алга боллоо. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин өндөр. УИХ  татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Улсын төсөв бол нэг тогоо. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ. Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэрэг буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга.


Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсэж байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуйн нэгжид ямар нэгэн торгууль тавихгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуйн нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсэж байна.


MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал:
 Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.долларын экспорт болдог. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Нүүрс 2 тэрбум ам.долларын орлого авч ирдэг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөөтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна.


Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва:
 Өнөөдөр Монгол Улс хүнсний хангамжийн 45 хувийг импортоор авч байна. Хүнсний бие даасан байдал алдагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотнын зээл, тусламжаар дэмжвэл бид дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна.

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд дээрх саналуудыг нэгтгэн, цар тахлын үед эдийн засгийг сэргээх зөвлөмж боломж боловсруулах юм.

 

Эх сурвалж: president.mn