Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Арга хэмжээ
Дүрст мэдээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа.

2021/10/21

Уулзалтаар, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлээр УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтээ тус холбоодын төлөөлөл илэрхийлсэн юм. Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, мах бэлтгэлд онцгой анхаарал хандуулах, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг бууруулах чиглэлд шийдвэр гаргахыг хүсэв. Мөн Монгол Улсад үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэгийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, байгууллага хооронд үүссэн өр авлагыг шилжүүлэн тооцох зэрэг асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулах хүсэлтээ илэрхийллээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтаар болон захиалгатай барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулах зэрэг 16 санал тусгасан  танилцууллаа.

Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд буй мэргэжлийн холбоодын ажилтай давхардсан төрийн эрх, үүргийг шилжүүлэх, хасах, бизнесийн орчин нөхцөлийн эрх зүйн орчныг сайжруулах, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэхэд Мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах санал тавилаа.

УИХ-ын  дарга Г.Занданшатар "Эдгээр саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Эдийн засгаа сэргээх төрийн бодлого, шийдвэрт аж ахуй эрхлэгчдийнхээ санал хүсэлтийг тусгахад Мэргэжлийн холбоод болон МАОЭНХ-ныхны гүйцэтгэх үүрэг чухал. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн 50 гаруй холбоодын төлөөлөл хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай болон Мэргэжлийн холбоодын тухай зэрэг хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, байр сууриа нэгтгэх хэрэгтэй байна. Эдгээр санал нь та бүхний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл байх ёстой" хэмээв.